Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Рональдо Португалийн хэсэгтээ тэргүүлэх боломжийг үгүй хийв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий B хэсгийн эхний хоёр тоглолтоо амжилттай дуусгасан Португальчуудын хувьд сүүлийн тоглолт нэлээд барцадтай байлаа.

Ялангуяа тус багийн од Кристиано Рональдогийн хувьд өчигдөр хүнд өдөр байсан юм.

Тэд Ираны шигшээ багтай хийсэн хэсгийн сүүлийн тоглолтдоо 1:1 харьцаагаар тэнцэж, хэсгээсээ хоёрдугаар байраар гарахаар болж байна. Уг нь тэдэнд хэсэгтээ тэргүүлэх боломж бүрэн байсан юм.

Нэгдүгээр үеийн сүүлийн минутад Португалийн багийн хамгийн ахмад тоглогч Рикардо Карезма Ираны хаалганы дээд буланд 16 метрийн зайнаас  цохиж эхний гоолыг хийснээр тэд тоглолтыг тэргүүлж эхэлсэн байна. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Ираны хамгаалагч Эхсан Хажсафи Рональдогийн довтолгоог торгуулийн талбай дотор алдаа гаргаж зогсоосны улмаас шар карт авч, торгуулийн цохилтоор шийтгүүлсэн юм.

Гэвч ДАШТ-ий ээлжит гоолоо хийх боломжийг Рональдо алдсан байна.

Улмаар 83 дахь минутад Кристиано Рональдо Ираны тоглогч Мортеза Пуралиганжигийн нүүрэнд тохойлдож, шар карт авсан юм.

Түүний гаргасан алдааг улаан картаар шийтгэх ч боломжтой байв. Гэвч Парагвайн шүүгч Энрик Какерес видео бичлэгийг (VAR) шалгасны дараа энэ шийдвэрийг гаргасан юм.

Тоглолтын 92 дахь минутад Португалийн тоглогч торгуулийн талбай дотор бөмбөгөнд гар хүрч, улмаар Ираны довтлогч Карим Ансарифард торгуулийн цохилтоо гоол болгож чаджээ.

Ийнхүү тоглолт тэнцээгээр өндөрлөж, хоёр баг нэг, нэг оноо нэмж авсан юм. Энэ хэсгийг тэргүүлсэн Испаний баг ирэх Ням гарагт ОХУ-ын шигшээ багтай тоглох бол Португальчууд Уругвайн шигшээ багтай Бямба гарагт тоглоно.

Энэ хоёр баг хэсгийн тоглолтоос авсан оноогоор тэнцэж байгаа ч Испани зургаан гоол, Португаль таван гоол хийсэн тул Испаний шигшээ баг нэгдүгээр байраар шалгарч байна.

Тоглолтын онцлох үр дүнгүүд:

  • Португальчууд түүхэндээ дөрөв дэхь удаа хэсгийн тоглолтоос шалгарч байна. Тэд 1966, 2006, 2010 онуудад шалгарч байсан.
  • Ираны шигшээ баг ДАШТ-д таван удаа оролцохдоо бүгдэд нь хэсгийн тоглолтоос шалгарч чадсангүй. (1978, 1998, 2006, 2014, 2018 онуудад)

Тоглолтын онцлох агшнууд, гоолуудыг энэ холбоосоор үзэх боломжтой.

 

Эх сурвалж: FIFA