Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын дасгалжуулагч Германы багийг ялахын тулд бүхнээ зориулахаа амлав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байгаа Өмнөд Солонгосын шигшээ багийн дасгалжуулагч Шин Тэ Ён хэсгийн сүүлчийн тоглолтдоо Германы багийг ялахын тулд бүхнээ зориулна гэж Ням гарагт хэлжээ.

Тус улсын шигшээ баг F хэсгийн сүүлийн байранд 2 хожигдолтой жагсаж байгаа. Хэрвээ Өмнөд Солонгос Германыг ялж, Мексикчүүд Шведийн багийг ялбал F хэсгээс Мексик, Өмнөд Солонгос хоёр шалгарах ганцхан боломж байгаа юм.

Хэдийгээр ингэх магадлал маш бага ч энэ ялалтын төлөө бүхнээ зориулахаа Шин Тэ Ён амласан байна.

“Германы баг яагаад FIFA-гийн эрэмбээр нэгд жагсаж байгааг бид ойлгох хэрэгтэй. Усанд живж буй хүн мөчирнөөс шүүрдэг шиг бид энэ тоглолтод бүхнээ зориулна” гэж тэр ярьжээ.

Багийн ахлагч Ки Сун Ен Мексиктэй хийсэн тоглолтод бэртэж, Германтай хийх өрсөлдөөнд оролцохгүй болсон. Гэхдээ үлдсэн тамирчид сайн тоглоно гэдэгт найдаж байгаагаа Шин Тэ Ён хэлсэн байна.

Өчигдөр бас Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбоо Мексикийн багийн хоёр дахь гоолыг алдаатай болсныг эсэргүүцэж FIFA-д гомдол гаргажээ.

Шин Тэ Ёны баталж байгаагаар Хавиер Эрнандесийн хийсэн хоёр дахь гоолын довтолгоог эхлэх үед Мексикийн тоглогч Эктор Эррера Ки Сун Еныг унагасан нь алдаа байсан гэнэ. Гэвч талбайн шүүгч тухайн үед VAR (Video Assistant Referee) системээр тоглолтын энэ хэсгийг дахин шалгаагүйд Өмнөд Солонгосын тал гомдолтой байгаа ажээ.

 

Эх сурвалж: Korea Times