Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ шарил тээвэрлэх 215 ширхэг хоосон хайрцаг Хойд Солонгос руу илгээхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зэвсэгт хүчин 215 ширхэг хоосон хайрцгийг хоёр Солонгосын хилээр Хойд Солонгост шилжүүлж өгөхөөр болсныг Өмнөд Солонгосын армийн эх сурвалж мэдээлжээ.

Эдгээр хайрцагт Солонгосын дайны үед амиа алдсан Америк цэргүүдийн шарилыг тээвэрлэж, эх оронд нь хүргэх юм. Хайрцагнуудыг өчигдөр буюу Бямба гарагийн үдээс хойш АНУ-ын Өмнөд Солонгос дахь зэвсэгт хүчний 30 машин хилийн шугамд хүргэсэн гэнэ.

1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайны үед амиа алдаж, Хойд Солонгосын нутагт цогцос нь үлдсэн Америк цэргүүдийн шарилыг эх оронд нь буцааж, нутаглуулах тохиролцоог Сингапурт болсон АНУ-Хойд Солонгосын дээд түвшний уулзалтаар хийсэн юм.

Ойрын өдрүүдэд Хойд Солонгосын тал шарилуудыг буцааж өгөх ажээ.

Шарилуудыг АНУ-ын дээд албан тушаалтан Пёньянд хүлээж авах төлөвтэй байна. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео уг ажиллагаанд оролцох магадлал өндөр байгаа аж. Тэр өмнө нь хоёр ч удаа Хойд Солонгосын нийслэлд зочлоод байгаа.

Шарилуудыг тээвэрлэхдээ АНУ-ын армийн том нисэх онгоц Пёньянд нисэж хүрэх, эсвэл хоёр Солонгосын хилээр хүлээлгэж өгсний дараа АНУ-ын цэргийн баазад хүргэх хоёр хувилбар яригдаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Yonhap News