Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тони Кроосын гайхамшигт цохилт Германы найдварыг хадгалж үлдээлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Сочи хотод хөлбөмбөгийн ДАШT-ий F хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолт Герман, Шведийн багуудын хооронд болж Германчууд 2:1 харьцаагаар яллаа.

Эхний тойрогтоо Мексикийн шигшээ багт ялагдсан Германы багийн ДАШТ-ий хасагдах шатанд шалгарах магадлал эргэлзээтэй болоод байв. Хэрвээ тэд Шведүүдийг ялж чадахгүй бол нутаг буцах нь бараг тодорхой болох байсан юм.

Тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж, эхний хагаст Шведийн Ола Тойвонен Германы хамгаалагчдын алдааг ашиглан 32 дахь минутад эхний гоолыг хийсэн байна.

Хоёрдугаар үеийн 48 дахь минутад Германы довтолгоо амжилттай болж, Марко Ройс Шведийн хаалганд тэнцээний бөмбөгийг хийсэн юм.

Гэвч хоёрдугаар үеийн сүүл хэсэгт Германчуудын хувьд нөхцөл байдал хүндэрч, хоёр дараалан шар хуудас авсан Жероме Боатенг 82 дахь минутад талбайгаас хөөгдөж, 10 тоглогчтой үлджээ.

Ийнхүү Германы шигшээ баг Шведтэй 1:1 харьцаагаар тэнцэх нь үндсэндээ тодорхой болж, ДАШТ-д хэсгээсээ шалгарах бараг боломжгүй болоод байв.

Энэ үед тоглолтын 95 дахь минутад буюу хамгийн сүүлчийн минутад Германы баг чөлөөт цохилт гүйцэтгэх эрхтэй болсноор гайхамшиг бий болсон юм. Тони Кроос торгуулийн талбайн зүүн ирмэг дээрээс хаалга руу шууд цохиход бөмбөг Шведийн хаалганы дээд буланд эргэлдсээр орлоо.

Ийнхүү Тони Кроосын гайхамшигт цохилт ДАШТ-д Германы баг цааш өрсөлдөх итгэл найдварыг аварсан юм.

Энэ тоглолтын онцлох үзүүлэлтүүд:

  • 1974 оноос хойш анх удаа Германы шигшээ баг ДАШТ-ий хоёрдугаар хагаст тоглолтын хувь заяаг эргүүлж, ялалт байгуулсан нь энэ болж байна. Сонирхолтой нь 1974 оны ДАШТ-д тэд мөн л Шведүүдэд эхний хагаст 1:0 харьцаатай хожигдож яваад хоёрдугаар хагаст 4:2 болгож ялсан юм.
  • Тоглолтын 94 минут, 42 секундэд хийсэн Тони Кроосын гоол нь Германы багийн ДАШТ-ий түүхэнд хийж байсан хамгийн “оройтсон гоол” болж байна. Үүнд цаг сунгасан тоглолтын гоолыг тооцоогүй болно.

Тоглолтын онцлох агшнууд болон гоолуудыг энэ холбоосоор үзэх боломжтой.

F хэсгийн сүүлийн тоглолтууд ирэх долоо хоногийн Лхагва гарагт Герман ба Өмнөд Солонгос, Швед ба Мексикийн багуудын хооронд болно.

 

Эх сурвалж: FIFA