Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын экс ерөнхий сайд үнэтэй цүнхнүүдийг Назарбаевын зээ бэлэглэсэн гэж тайлбарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Төрийн баялгийн сан 1MDB-ээс их хэмжээний хөрөнгө идэж шамшигдуулсан хэрэгт шалгагдаж байгаа Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак сонгуульд ялагдсанаасаа хойш анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Түүний тэргүүлж байсан эрх баригч нам тавдугаар сарын 9-ний сонгуульд ялагдал хүлээсэн нь колоничлолын дараах Малайзын түүхэнд анхны тохиолдол болсон юм.

Тэрээр ярилцлагадаа хувийн данснаас нь илэрсэн их хэмжээний мөнгө, гэрээс нь олдсон олон тооны үнэтэй брэндийн цүнх, үнэт эдлэлийн талаар тайлбарлажээ.

Өнгөрсөн Мягмар гарагт шинэ ерөнхий сайд Махатхир Мохамад хэлэхдээ түүний засгийн газар Нажибын эсрэг үүсгэж болох “бараг төгс баримт”-тай болсноо мэдэгдсэн юм.

Харин 64 настай Нажиб өөрийгөө 1MDB-ийн алдагдсан мөнгөтэй ямар ч холбоогүй гэж ярьжээ. Түүний гэрээс цагдаа нар 300 орчим үнэтэй брэндийн цүнх илрүүлсэн юм. Тэдний дотор нэг ширхэг нь хэдэн зуун мянган доллар хүртэл үнэтэй Hermes брэндийн Birkin гар цүнхнүүд байжээ.

Нажиб “Тэдгээр цүнхний ихэнх нь миний охины хуримын бэлэг байгаа юм. Тэдэн дээр хэзээ, хэнд өгсөн нь бүгд бичээстэй байгаа” гэж ярьсан байна.

Мөн зарим хэсгийг нь түүний хүргэн, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зээ болох Данияр Назарбаев эхнэрт нь бэлэглэсэн гэжээ.

“Жишээ нь миний хүргэн нэг удаа гадаадаас ирэхдээ л 5-6 Birkin цүнх бэлгэнд авч ирдэг байсан. Түүний ар гэрийнхэн бэл бэнчинтэй хүмүүс. 1MDB-ийн хөрөнгөтэй холбоогүй. Казахстанаас гарсан мөнгө” гэж тайлбарлажээ.

Мөн хувийн данснаас нь илэрсэн $681 саяыг Саудын Арабын талийгаач хаан Абдуллах Бин Абдулазиз Аль Саудын түүнд өгсөн хандив гэж ярьсан байна.

Экс ерөнхий сайд ярилцлагынхаа төгсгөлд хэдийгээр шүүгдэж, ял сонссон ч өөрийгөө Малайзад үлдэж, үнэн зөвийг тогтоохын төлөө тэмцэнэ гэж ярьжээ.

Нажиб “Би хэзээ ч эндээс явахгүй. Хэрвээ би зугтвал буруутайгаа хүлээсэн хэрэг болно. Үлдсэн насаа дүрвэгчийн амьдралаар өнгөрөөмөөргүй байна. Би ямар ч байсан нэрээ цэвэрлэнэ” гэж хэлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters