Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Бид гуравдугаар сараас хойш нөгөө холбооны санал бүхнийг хүлээж авч, буулт хийж ирсэн

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр МҮБХ-нд үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зөвшөөрөөгүйн улмаас эвлэрч чадаагүй тухай ярьж, тухайн өдөр болсон хурлын бичлэгийг үзүүлсэн.
 
Мөн Улсын баяр наадмаар бөхчүүд барилдахгүй, эмх замбараагүй байдал үүсвэл буруутан нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болно гэжээ. Тэгвэл энэ талаар Б.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Бид гуравдугаар сарын 24-нд хурал хийсэн цагаас хойш байнга буулт хийж, эв зүйг нь олох гээд л явж байгаа. Бид ямар нэг хүсэлт тавихад нь хүлээн зөвшөөрч, татгалзсан хариу өгч байгаагүй. 

Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу тавдугаар сарын 18-нд бид чуулганаа зарласан ч ирээгүй. Ирсэн хүмүүс нь гараад явсан. 

 Л.Чинбат Г.Өсөхбаяртай уулзах хүсэлт тавьсан. Тэгээд Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг, дэд тэргүүнээр Баянмөнх гуайн хүүг томилно гэж байсан. Бид тэг л гэсэн. Тэгээд сүүлд нь дахиад уулзахад нэрнээсээ буцсан. Бид бүх хүсэлтийг нь хүлээн зөвшөөрсөн.
Бид дүрэм журмынхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой.

Одоо баяр наадмын өмнө хуралдаж амжихгүй. Тиймээс цэцдийн зөвлөлийг хуралдуулж болно. Бид бүх албан тушаалаас татгалзсан. Би дахиж Бөхийн холбооны тэргүүнд нэр дэвшихгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Энэ байр суурин дээрээ ч байгаа. 

Хүмүүс бөхчүүдийг хоорондоо хагаралтай байна гэж яриад байгаа юм. Тийм зүйл огт байхгүй. Монгол бөхийг жудаг гэж уламжлал бий. Яриа хийгээд байгаа нь А.Сүхбат, Х.Баянмөнх нар л байна. Бөхчүүд бүгд хагаралдсан, маргалдсан зүйл байхгүй. 

Төрийн баяр наадам уламжлалаараа зохион байгуулагдана.  Холбоодууд маргаантай байгаа бол Төрийн баяр наадмын комисс өөрсдөө шийднэ. Барилдаанд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэрэв хэн нэгэн оролцохгүй гэх юм бол оролцоод цол, шагналаа аваад явна биз. Наадмын үеэр маргах асуудал, будилаан гарвал тэр нь допингтой холбоотой асуудлууд л байна. Допинг хэрэглэсэн асуудал илэрвэл барилдаан удааширч, үл ойлголцол гарна. Эсвэл шүүлт дээр асуудал гарна. Тэрнээс өөрөөр асуудал гарахгүй.

Бид гуравдугаар сарын 24-с хойш буулт хийж ирсэн. Нөгөө холбооны санал бүхнийг хүлээн авч, шалдаа буутал, 150 хувиар бууж өгсөн. Гэхдээ энэ бүх ажлууд хууль дүрмийн дагуу шийдэгдэж явах ёстой" гэв.