Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хурдан морины уралдаан дагасан машиныг УЛСЫН ОРЛОГО БОЛГОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

Б.Ану
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хурдан морины уралдааныг яавал унаач хүүхдэд сөрөг нөлөө багатай, хүний эрхийг хангасан хэлбэр рүү аваачих вэ гэж хэсэг нь толгойгоо гашилгаж байхад нөгөө талд энэ төрлийн наадам нь зугаа цэнгэл,  баярхал, заримдаа бүр галзуурал болж байгаа үзэгдлүүд даамжрах шинж ажиглагдах ажээ. 

Тухайлбал, Өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд болсон "Дүнжингарав 2018" уралдааныг харанхуйд, тоосон дунд зохион байгуулж олон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсан бичлэгийг бид дэлгэсэн. 

Бичлэг 1, "Дүнжингарав 2018" харанхуйд болсон уралдаан,

Өдөр ч бай, харанхуйд ч бай морь унаж буй хүүхдүүдийг үзэгдэх орчингүй болгож амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг зүйл бол тэдний уралдахыг дагаж буй машинууд юм. 

Энэ талаар хуульчдын дунд ч тодорхой үндэслэл бүхий хэлэлцүүлэг болсон нь бараг хоёр жилийн өмнөх явдал. Тодруулбал, машины хурд, хүч чадлыг хурдан морьдтой зүйрлэдэг. Жишээ нь, LEXUS 570 гэхэд 360 морины хүчин чадалтай гэж тооцоход төчнөөн морины үүсгэх тоосжилтыг бий болгож байдаг талаар хуульчдын дунд хэлэлцүүлэг өрнөсөн байна. Тиймээс ч хуульчид хамтраад хурдан морины нэг насны уралдааныг гэхэд дөрвөн машин л дагахад хангалттай гэж үзэж холбогдох эрх зүйн баримт бичгийн төслийг боловсруулж Засгийн газарт өргөн бариад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. 

Дөрвөн машин гэдэгт, зохион байгуулагч комиссын нэг, түргэн тусламжийн нэг, цагдаагийн нэг, хэвлэл мэдээллийн нэг гэсэн дөрвөн машин л дагах нь хангалттай гэж үзжээ. 

Энэ талаар мэдээлэл өгсөн Б.Гүнбилэг хуульчийн ярьж буйгаар "Хурдан морины уралдаан гэдэг нь зүгээр нэг уралдаан, тэмцээн биш төрт ёсны их баяр наадам гэж ихэд хүндэтгэлтэй, ёс төртэй ханддаг байсан уламжлал бий. Тиймээс ч дүрэм, журам чанга байж. Тухайлбал, морь уралдаж байх үед эзэн нь дагах зэрэг зөрчил гаргавал тухайн хүнийх нь унаж явсан морийг улсын орлого болгож өөрийг нь бас залхаан цээрлүүлдэг байсан баримтууд байна. Орчин үеийнхээр бол морь дагасан машиныг нь улсын орлого болгоно гэсэн үг л дээ" гэж байлаа. 

Б.Гүнбилэг хуульчийн өгсөн мэдээллээр хэсэг хуульч хамтраад хурдан морины уралдааныг зөвхөн дээр дурдсан дөрвөн машин л дагадаг байх нь хангалттай гэсэн утга бүхий  хуулийн төслийг Засгийн газарт боловсруулж өгсөн ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг авч хэлэлцээгүй байна. 

Тэд морины уралдааныг зөвшөөрөлгүй 4-ээс дээш машин дагасан тохиолдолд жолоочийн эрхийг түдгэлзүүлэх, нэмж мөнгөн торгуулиар торгох гэх мэт хариуцлагын заалтуудыг мөн тусгажээ. 

Уншигч та бүхэн морьдын эзэд чухам ямар шалтгаанаар морь уралдаж байх үеийг дагадаг вэ гэдгийг дараах бичлэгээс ойлгох байх. 

Бичлэг 2,  Нэгэн уралдааны үеийн бичлэг

Морь уралдааныг машин дагах эсэх асуудлаа шийдээгүй байтал өчигдөр Монгол наадам цогцолбор, Уяачдын холбооныхон морь дагадаг машинуудад зориулсан зам тавих тухай мэдээлэл өгсөн нь олон хүний бухимдлыг төрүүлээд байна. 

Тухайлбал:

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэлтэй холбогдон энэ талаар тодруулахад "Замын тухайд төлөвлөгөөний шатандаа яваа. Яг төсөв нь тодорхой болоод юу юугүй хийгдэх гэж байгаа ажил биш. Хүй долоо худагт спорт, наадмын цогцолбор газар болгох төлөвлөгөөг өмнөх Засгийн газрын үеэр шийдэж баталсан. Энэ төлөвлөгөөнд Хүй долоо худагт шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах, цэнгэлдэх хүрээлэн дагасан дэд бүтэц байгуулах ажлуудыг 2040 он хүртэл хийх төлөвлөгөө бий. Дэд бүтэц гэдэгт зам ч дурдагдаж буй. Олон дэд бүтцийн ажил байгаагаас замыг нь сугалж яриад байх шиг байна" гэв. 

Олон хүний бухимдлыг төрүүлсэн морь дагах машинд зориулсан замын тухайд улсын төсвөөс гаргаж барих тухай ямар нэгэн төсөв, төлөвлөгөө одоогоор тодорхой болоогүй. Үнэхээр ийм зам шаардлагатай гэвэл Уяачдын Холбоо өөрсдөө хийж болох эсэх талаар санал төдий яригдсан гэж тэрбээр нэмж хэлсэн юм. 

Хурдан морины уралдаанд шүүмжлэлтэй хандахаар уламжлал, соёл руугаа нулимж байна гэж уяачид, морьдын эзэд бухимдах нь бий. Үнэхээр уламжлалдаа Монголчууд хурдан морьдын уралдаан биш авто машины уралдаан шиг хийж байсан болов уу. Эсвэл харанхуй шөнөөр үгүй бол хүйтний улиралд нөгөө талд унаач хүүхдүүдийг ингэж хараан зүхэн байж морь уралдуулдаг байсан болов уу. 

Ер нь хүүхдүүдийг морь унуулахыг эсэргүүцэх хандлага нийгэмд давамгаалж эхэлсэнтэй холбогдож ядаж морины уралдаан дагадаг машины уралдаанаа дорвитойхон цэгцлэх цаг болжээ.