Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн ил тод байдал- Орон нутагт

ikon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN

Газар доорх баялагийг үнэ цэнэтэй гэж үзэн олборлож байгаа ч тухайн олборлолт явуулж байгаа аймаг, орон нутагт уул уурхайгаас ирэх ашиг тус гэхээсээ асуудал бэрхшээлүүд их байлаа. Харин одоо байдал өөр болсоор байна. Учир юу гэвэл орон нутгийн иргэдэд уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгож эхэлснээр иргэд зөв мэдээлэлтэй болж, улмаар орон нутагт нь үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай хамтран ажиллах, иргэдийн хяналтыг тавьдаг болсон.

Үүнийг дагаад уул уурхайн компаниудын үүрэг хариуцлага ч улам нэмэгдэж, байгаль орчинтой зүй бус харьцахгүй байх, нөхөн сэргээлтийг зохистой хэмжээнд хийхийг хичээж, тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг нь дэмжин ажиллах зэрэг эерэг өөрчлөлтүүд Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын  /ОҮИТБС/ хүрээнд хэрэгжиж байгаа “Жишиг 5 сум ” хөтөлбөрт хамрагдсан Ерөө, Заамар, Гурвантэс, Бор өндөр, Дэлгэрэх гэсэн сумдад хэдийн гараад байгаа юм.  Энэхүү ОҮИТБС нь олон улсад 2002 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор дэлхийн олборлох үйлдвэрлэл илүүтэй хөгжсөн 52 орон нэгдээд байгаа.

Монгол улсын хувьд тус санаачлагад 2006 оноос нэгдэж өдгөөг хүртэл бусад орнуудад жишиг болох цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж ирсэний бас нэгэн чухал хөтөлбөр нь орон нутгийн иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлснээр иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулж, орон нутгийн удирдлага, компани болон иргэний нийгэм гэсэн 3 талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилготой “Жишиг 5 сум” хөтөлбөр юм.

2017 оноос эхэлж хэрэгжсэн ч богино хугацаанд олон өөрчлөлтүүдийг хийж болохыг дээрх хөтөлбөрт хамрагдсан Төв аймгийн Заамар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдтэй уулзахад хэлж байлаа. 

 

Бор-Өндөр сумын Засаг даргын орлогч Д.Отгонцэцэг: 

Бор-Өндөр сум нь уул уурхайн  жоншны үйлдвэр дагаж байгуулагдсан. Энэхүү  жоншны үйлдвэр нь дэлхийд тавд,  Монголдоо нэгд ордог том үйлдвэр. Олборлох үйлдвэрлэлийн  ил тод байдлын санаачлага хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид уул уурхайн  компаниудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг нээлттэй болгосон. Манай суманд одоогийн байдлаар  9 ашиглалтын лицензтэй, 6 хайгуулын лицензтэй компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. 

2017 онд хамтарч ажиллах хариуцлагын гэрээг 4 уул уурхайн компанитай байгуулж ажилласан. Ингэхдээ бид тодорхой шаардлагуудыг  тавьж ажилладаг. Жишээлбэл, Бор-Өндөр суманд бүтээн байгуулалтынажил хийх гэсэн шаардлага ттавьсан. Үүний дагуу эдгээр  дөрвөн  компани Бор-Өндөр сумын 5.6 километр  замын эвдрэлийг тус бүр 15 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж засаж янзалсан. Мөн өөрсдийн тээвэрлэлт ачилтын  замыг 40 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж зассан. Энэ жилийн хувьд хариуцлагын гэрээг нийт 9 компанитай байгуулсан.

 

Бор-Өндөр сумын өндөр настан С.Байгальмаа:

Ямар компани хэрхэн зөвшөөрөл аваад ямар  үйл  ажиллагаа явуулдаг, орон нутагт ямар туслалцаа дэмжлэг үзүүлдэг нь мэдэгдэггүй байсан. Харин  одоо уул уурхайн ил тод байдлын талаар мэдээлэлтэй болсноор орон нутгийн иргэд түүний үр ашгийг хүртэж чадаж байна. Тухайлбал, өнөөдөр уул уурхайн салбарын компаниуд усны, ашигт малтмалын, газрын гэх мэт төлбөрийг орон нутгийн санд төвлөрүүлдэг. Үүгээр худаг ус гаргах, байгаль орчин нөхөн сэргээх зэрэг олон ажлуудыг хийж эхэлж байна.  

 

Бор-Өндөр сумын иргэн Д.Ганхуяг:

Уул уурхайг дагасан хардалт сэрдэлт  их байсан. Сүүлийн үед уул уурхай компаниудын үйл ажиллагаа зөвхөн цаасан дээр бус иргэдийн нүдэн дээр  илт харагдаж байна.  Ялангуяа байгаль нөхөн сэргээлтийн ажил сайн хийгдэж байна гэж би хувьдаа дүгнэж байгаа. Хамгийн сүүлийн жишээг дурьдахад Бор-Өндөрийн хэмжээнд  3000 мод тарих  ажлыг хэрэгжүүллээ.  Энэ маягаар хийсэн ажил нь иргэдийн нүдэнд харагдахуйц, гар баригдахуйц байвал хардах сэрдэх гэсэн зүйл байхгүй болох байх. 

 

Заамар сумын Засаг даргын орлогч М.Ичинхорлоо:

Манай суманд 1990 оноос хойш “Алт 1” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.  Тухайн үед маш олон комданиуд үйл ажиллагаа явуулдаг байсан боловч нөхөн сэргээлтийг хангалтгүй хийдэг байсан. Ер нь хийдэггүйтэй адил гэж хэлж болно. Өнөөдөр гэхэд тухайн үеийн  карьер нь овоолоотой эзэнгүй болчихсон байж л байдаг. Харин сүүлийн жилүүдэд хариуцлагатай уул уурхай хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгжүүд сүүлийн үеийн технологи ашиглаж боломжийн хэмжээнд нөхөн сэргээлтийг хийж байна. 

Энэхүү уул уурхайн ил тод байдлын тухай хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд ард иргэд, аж ахуй нэгж, төрийн байгууллагын ойлголт нэг цэг дээр очих байх  гэж харж байгаа. Хоёрдугаарт, ард иргэд байгаль, орчины нөхөн  сэргээлтийн талаар тодорхой мэдээлэлтэй болохоор иргэд аж ахуй нэгжүүдэд шаардлага тавьдаг болсон байна.  Гуравдугаарт, энэхүү лицензийг ямар хүн эзэмшиж байна гэдгийг хүссэн хүн мэдэх боломжийг бүрдүүлсэн. 

 

Заамар сумын иргэн Ш.Энхтайван:

Өмнө нь уул уурхайн компаниуд ямар үйл  ажиллагаа явуулж байгаа нь нууц ард иргэд энэ талаар  ямар ч мэдээлэлгүй байсан. Харин өнөөдрийн  байдлаар  хэн  ч хаанаас ч тухайн компанийн цахим хаягаар нь ороод ямар ажил хийсэн, юунд хөрөнгө оруулсан байна гэдгийг хараад  мэдэх боломжтой болсон нь маш  том дэвшил юм.

Өмнө нь компаниуд жижигхэн  ажил хийчихээд түүнийгээ маш том  ажил  хийчихсэн юм шиг ярьж болдог байсан. Одоо ил тод  болсноор  иргэд хийсэн ажлыг нь нүдээр хараад энэ тийм төсөвт  багтана гэдгийг ядаж барагцаалаад харчихдаг болсон.

Одоо цаашид орон нутаг дахь 3 талт  /иргэд, компани, орон нутгийн удирдлага/ хамтын аижллагааг улам өргөжүүлж, тухайн нутаг үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн үйлдвэлэлийн ашиг тусыг  нэмэгдүүлэх шинэ шийдэл санаачлагыг иргэд өөрсдөө гаргаж, идэвхитэйгээр хамтран ажилладаг болсон энэхүү сайн туршлагыг бусад аймгуудад ч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

 

Олборох үйлдвэрлийн ил тод байдлын санаачлагын Харилцааны мэргэжилтэн Б.Дэлгэрмаа:

Энэ уул уурхайн салбарт улс төрд нөлөө бүхий эзэд шударга бус өрсөлдөөнийг бий болгож байна уу үгүй гэдгийг нийтэд илүү таниулахын тулд одоо ашиг хүртэгч эздийн ил тод байдлын тухай илүү анхаарч байна. Мөн түүнчлэн орон нутгийн мэдээлэл харилцаа, дэд зөвлөл,засаглалд бид анхаарлаа хандуулж, орон нутагт энэхүү дэд зөвлөл сайн ажиллах механизмыг бүрдүүлэх дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл 15 жил нэг орон нутагт уул уурхайн томоохон үйлдвэрлэл явагдаж байгаа хэрнээ одоог хүртэл мах сүүгээ тухай н орон нутгаас авдаггүй, ард иргэд нь ч өөрсдийн орлого нэмэгдүүлэх чиглэлд тухайн компанитай хамтран ажиллахаа аргаа олоогүй байсныг энэхүү дэд зөвлөл ажиллаж эхэлснээрээ талууд хоорондоо ойлголцож, хамтран ажиллах механизмыг илүү тодорхой болгож өгсөн байх жишээтэй. 

Үүнээс гадна орн нутагт яригдаж байгаа, иргэдийн зүгээс санал болгож байгаа асуудлуудыг сайдын түвшинд хүргэж, тухайн орон нутагтай холбоотой зөв , оновчтой шийдвэр гаргахад нь бид холбож, туслалцаа үзүүлж байна. Өөрөөр хэлбэл аль нэг сайд, албан тушаалтан шууд шийдвэр гаргаж танилцуулах бус, ямар шийдвэр гаргах шаардлагатай байгаа тухай доод хөрснөөсөө эхлэн санал болгож, талууд өөрсдийн санаа бодлоо оруулснаараа манай шийдвэр гаргах түвшний хүмүүсийн бодлого шийдвэр гаргалт ч оновчтой зөв болж өгч байгаа гэсэн үг юм

Мөн түүнчлэн Олборлох үйлдвэлэлийн ил тод байдлын санаачлагын гол үйл ажиллагаа болох олборлох үйлдвэрлэлийн бүх төрлийн тусгай зөшөөрөлтэй компаниудын тайланг жил бүр авч, нөгөө талаас засгийн газрын холбогдох газруудаас ирүүлсэн тайлан мэдээтэй тулган баталгаажуулж нэгтгэсний дараагаар цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэйгээр байршуулдаг тул хүссэн хэн бүхэн компаниудын мэдээллийг харах бүрэн боломжтой юм байна.

 

Эх сурвалж: Өдрийн сонин