Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уныг элэглэгчийг Сингапурын албаныхан саатуулж, байцаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Сингапурт ирсэн Ким Жон Уныг элэглэгч залуу тус хот улсын олон улсын нисэх онгоцны буудалд хоёр цаг орчим саатуулагдаж, байцаагдсан тухайгаа хувийн Фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Өөрийгөө Howard X гэж нэрлэдэг Хонг Конгийн иргэн өнгөрсөн Пёнчаны өвлийн олимпийн наадмын үеэр дэлхий нийтийн танил болсон юм.

Тухайн үед тэр Дональд Трампыг дуурайгчтай хамт нээлтийн ажиллагаанд оролцож, дараа нь Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчдийн өмнүүр алхаж тэднийг гайхшруулж, бас эгдүүцүүлж байв.

Хуурамч Ким Жон Ун ирэх Мягмар гарагийн дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн ямар нэг үзүүлбэр үзүүлж хөгжөөхөөр бэлдсэн бололтой.

Сингапурын цагаачлалын албаныхан түүний цүнхийг нэгжиж, Сентоза арал, Шангри Ла зочид буудал орчмоор үзэгдэхгүй байхыг анхааруулжээ.

Уулзалт Сентоза аралд болох бол Шангри Ла зочид буудалд Дональд Трампыг саатна гэсэн мэдээлэл байгаа юм. Мөн түүнээс Хонг Конгийн “Occupy Central” эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байсан эсэхийг нь асууж, хуурамч Ким оролцож байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Маш хатуу дэг журамтай Сингапурт цагдаагийн зөвшөөрөлгүйгээр ямар ч цуглаан, эсэргүүцлийн ажиллагаа явуулах хориотой байдаг юм.

Тэрээр байцаалтын дараа Сингапурт нэвтэрч чадсан боловч ирэх өдрүүдэд өөрт нь янз бүрийн адал явдал тохиолдоно гэдэгтээ эргэлзэхгүй байгаагаа бичжээ.

 

Эх сурвалж: AFP