Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн газрын биржээр тухайн жилийн төсөв төлөвлөгөөнд багтсан, үнэгүй олгохоор шийдвэрлэснээс бусад газрыг арилжаална"

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гадаадын иргэнд газар өмчлөх гэж байгаа талаархи олон нийтийн дүгнэлтийн талаар  Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-ийн тэргүүн, хуульч А.Гантамир өнөөдөр тайлбар хийлээ.

Тэрбээр “Одоогоор хүчин төгөлдөр мөрдөж байгаа газрын тухай хуулиар бол гадаадын иргэнд газар өмчлөх, эзэмших боломж байхгүй. Зөвхөн ашиглах л боломжтой. Ингэхдээ тухайн гадаадын иргэн Монгол Улсад 183 хоногоос дээш амьдарсан байхыг шаарддаг ба зөвхөн гэр бүлийн хэрэгцээнд  хамтын зориулалтаар ашиглуулж болно гэсэн заалт бий.

Дипламот консул, Элчин сайдын яам гээд бүх гадаадын иргэнд энэ заалт  хамаарна.

Харин олон нийтийн дунд биржээр дамжуулж гадаадын иргэнд газар худалдах боломжтой болно гэсэн буруу ойлголтыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өгч байгаад харамсалтай байна. Энэ бол үндсэн хуулиараа боломжгүй. Дээрх шаардлагыг хангасан тохиолдолд зөвхөн гэр бүлийн хэрэгцээнд ашиглах л боломжтой. Эзэмших ч эрхгүй. Иргэд их хурлын гишүүдийн хэлсэн ташаа мэдээллийг үнэн гэж хүлээж авч, үүнээс болж нийслэлийн эрх зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга зогсонги байдалд орох ийм эрсдэл үүсээд байна.

Газрын тухай хуулинд орж буй нэмэлт өөрчлөлтөөр энэ тухай хуулийг өөрчилсөн зүйл байхгүй. Харин нийслэлийн газрын бирж гэдэг ойлголт шинээр бий болж байгаа юм.

"Нийслэлийн газрын бирж”-ээр дамжуулж тухайн жилийн төсөв төлөвлөгөөнд багтсан газар эсвэл үнэгүй олгохоор шийдвэрлэснээс бусад газрыг арилжаална гэж ойлгож болно.

Хэрэв биржээр дамжвал олон нийтэд илүү ил тод, нээлттэй болох юм. Хэн нэгэн этгээд газар авахдаа газрын байцаагч эсвэл газрын албатай яриад авах тохиолдол байсан бол энийг илүү нээлттэй болсноор авлигын асуудал багасах боломжтой.

Жишээ нь, Хөрөнгийн бирж өглөө нээхэд ямар компани тухайн нэгж хувьцаагаа хэрхэн арилжаалж байгааг хардаг шиг нээлттэй болох юм. Энэ бол ололт.

Нийслэлийн газрын тухай хуулийг 1994 оноос хойш 20 жилийн дараа шинэчилэх гэж байгаа юм. Энд маш олон ололттой зүйлүүд бий. Нийслэлийн авто зам болон авто замын сүлжээтэй холбоотой, дотоодод үүсч байгаа хүн амын төвлөрөл, дэд бүтэц, орон сууцжуулах асуудлуудын хэрхэн зохицуулах суурь хуулийн зарчмуудыг бий болгоход шинэчилсэн найруулгаар тодорхой болох юм.

“2018 он, 1994 оны Улаанбаатар хот маш их өөрчлөгдсөн учраас нийгмийн хэрэгцээ шаардлагаараа хууль шинэчилсэн найруулгад орох ёстой болж байгаа юм. Бид ганцхан газрын тухай хуулийг ярьж байгаа ч энэ хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор 18 хуулинд өөрчлөлт орж байна. Иргэд хяналт тавих нь чухал ч мэргэжлийн хуульчид орж ажиллах нь зөв гэж залуу хуульчдын “Хос дэнс клуб” үзэж байна” хэмээн тайлбарлалаа.