Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Хятадын эрх баригчид ZTE компанийг “амьдруулах”-аар шийдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ, Хятадын эрх баригчдын хэлэлцээрийн үр дүнд Хятадын харилцаа холбооны ZTE компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр болжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын худалдааны яам өөрийн орны компаниудыг ZTE-д долоон жилийн турш ямар ч эд анги, програм нийлүүлэхгүй байх хориг зарласан юм.

ZTE компани Вашингтоны хоригийг зөрчиж, Иран, Хойд Солонгост өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлсэн нь илэрч, ийм шийтгэл хүртэх болсон байна.

Үүний үр дүнд дэлхийд дөрөвт ордог гар утас үйлдвэрлэгчийн үйл ажиллагаа зогсоход хүрсэн юм. Тухайлбал Corning компаниас нүүрний шил, Qualcomm компаниас процессор, Google-ээс Андроид систем нийлүүлэгдэхгүй болсон тул ZTE ихэнх гар утсаа үйлдвэрлэх боломжгүй болжээ.

Харин тавдугаар сард Дональд Трамп гэнэтийн шийдвэр гаргаж, ZTE-гийн хоригийг эргэж харах даалгавар өгсөн тухай мэдээлж байв.

Тэгвэл өчигдөр АНУ-ын худалдааны сайд Уилбур Росс CNBC сувагт ярихдаа ZTE компанийн үйл ажиллагааг хэвийн болгох тохиролцоонд хүрснээ мэдэгджээ.

Тохиролцоо ёсоор ZTE компани 30 хоногийн дотор төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын багтаа шинэчлэлт хийнэ. Мөн АНУ-ын сонгосон хяналт шалгалтын мэргэжилтнүүдийг компанийхаа бүтцэд оруулж, тэдгээр нь ZTE компанийн ерөнхийлөгчид шууд тайлагнадаг байх гэнэ.

Үүнээс гадна ZTE компани хориг зөрчсөний торгууль болгож $1 тэрбумыг төлж, нэмэлт $400 саяыг дахин хориг зөрчвөл АНУ-ын талд шилжих нөхцөлтэйгээр барьцаанд байршуулахаар болжээ.

Өмнө нь ZTE хориг зөрчсөний шийтгэл болгож $1.19 тэрбумыг төлөөд байсан юм.

Трампын энэ шийдвэрийг АНУ-ын зарим улс төрчид шүүмжилж байгаа. Тухайлбал сенатор Марк Рубио ZTE компанийг хоригоос чөлөөлөх нь Америкийн үндэсний аюулгүй байдалд сөргөөг нөлөөлнө гэдгийг анхааруулсаар байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz