Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Ким Жон Унтай уулзахад бэлдэх шаардлагагүй гээд түүнийг Цагаан ордонд урих тухай ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагчтай нүүр тулж уулзахаар замдаа гарч байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, зарим асуултад хариулжээ.

Тэр Канадад өнөөдөр эхлэх Их Долоогийн уулзалтад оролцсоны дараа шууд Сингапурыг зорих юм. 

Трамп “Би өөрийгөө уулзалтад нэг их бэлдээд байх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь энэ удаа хандлагыг л харах юм. Хүсэл эрмэлзлэлийг нь таних уулзалт болно” гэж Ким Жон Унтай хийх уулзалтынхаа талаар ярьжээ.

Тэр бас Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс салгах үйл явц нэг уулзалтаар шийдэгдэхгүй гэдгийг хэлсэн байна. Түүнээс Ким Жон Унтай хэдэн өдөр уулзахыг асуухад “Нэг, хоёр, гурав, ер нь юу болохоос шалтгаална” гэж хариулсан байна.

Уулзалт амжилтгүй болвол хоригоо улам чангална, харин амжилттай болвол Хойд Солонгост хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийг нь өөд татах, тэр ч байтугай Ким Жон Уныг Цагаан ордонд урина гэдгээ тэр бас хэлжээ.

Дональд Трамп, Ким Жон Ун нар ирэх Мягмар гарагт Сингапурын Сентоза арал дээр орших Капелла зочид буудалд уулзахаар төлөвлөөд байгаа юм.

Өчигдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэ түүнтэй Цагаан ордонд уулзаж, өөрийн хулгайлагдсан иргэдийн асуудлыг Ким Жон Унтай уулзахдаа хөндөхийг дахин хүссэн байна.

 

Эх сурвалж: Associated Press