Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уныг Сингапур руу нисэхэд Хятадын сөнөөгч онгоцнууд хамгаалж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосоос Сингапурыг зорих Ким Жон Уны нисэх онгоцыг Хятадын сөнөөгч онгоцнууд дагалдан хамгаалах магадлалтай байгааг Өмнөд Солонгосын армийн эх сурвалж мэдээлжээ.

“Төрийн тэргүүнийг сөнөөгч онгоцнууд дагалдах нь агаарын хүчний үзүүлдэг хамгийн өндөр түвшний хамгаалалтын протокол юм. Хэрвээ Хятадын онгоцнууд дагалдах бол энэ нь АНУ-Өмнөд Солонгосын эвсэлд тэд Кимийн дэглэмийг хүчтэй дэмжихээ харуулсан хэрэг болно” гэж Өмнөд Солонгосын армийн нэрээ нууцалсан албан тушаалтан ярьсан байна.

Аюулгүй байдалдаа онцгой анхаардаг Ким Жон Ун Пёньянаас Сингапур хүрэх 4,000 гаруй километрын аялалаа маш нухацтай төлөвлөж байгаа гэнэ.

Тэр аюулгүй байдлаа бодолцон Хятадын агаарын орон зайг дамжиж аялах магадлал өндөр байна. Яг одоо Сингапурын гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан Пёньянд хоёр өдрийн айлчлал хийж байгаа. Түүний зорилго нь Ким Жон Уны аюулгүй байдлыг хангах ажлыг Хойд Солонгосын талтай тохиролцох юм.

Аливаа улсын төрийн тэргүүний онгоцыг сөнөөгч онгоцнууд дагалдаж, хамгаалах тохиолдол байдаг. Гэхдээ гуравдагч улсын байлдааны онгоц нэг улсын удирдагчийг хоёр дахь улсад айлчлахад дагалдах нь маш ховор үзэгдэл юм.

Дагалдагч онгоцнууд нь айлчлах улсын агаарын хилд хүрээд буцдаг. Харин хүлээж авч буй улсын онгоцнууд энэ үед өөрийн агаарын хил дээрээс угтаж авдаг байна.

Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь өөрийн газар нутаг гэж үздэг Хятадын тал энэ тохиолдолд Ким Жон Уныг бараг Сингапурын босго хүртэл дагалдах болж байгаа юм.

Ким Жон Ун өөрөө 10,000 км зам туулах чадвартай, Зөвлөлтийн үеийн Ил-62М нисэх онгоцоор Сингапурыг зорих гэнэ. 

 

Эх сурвалж: South China Morning Post