Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Зам тээврийн тарифын ХӨНГӨЛӨЛТИЙН хэлэлцээрт Монгол, ОХУ-ын сайд нар маргааш гарын үсэг зурна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол, Оросын санаачилга-2018” арга хэмжээний хүрээнд Монгол, Оросын банкууд Санамж бичиг үзэглэх ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

Санамж бичиг байгуулсан  талууд:

  1. Голомт банк болон Оросын АО “ЭКСАР” хоорондын Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг
  2. Хаан банк болон АО “ЭКСАР” хоорондын Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг

Санамж бичиг үзэглэх арга хэмжээний дараа “Монгол, Оросын санаачилга-2018” арга хэмжээний  эхний өдрийн үр дүнгийн талаар зохион байгуулагчид мэдээлэл хийсэн юм.

УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, "Монгол-Оросын санаачилга-2018" цуврал арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Б.Энх-Амгалан "Монгол-Оросын санаачилга-2018 цуврал арга хэмжээний нээлт өнөөдөр Улаанбаатар хотод боллоо. ОХУ-ын ХАА, зам засварын салбарын 90 гаруй компани, 270 гаруй төлөөлөгч, хурлын болон урлагийнхан гээд 400 орчим төлөөлөгч арга хэмжээнд ирж оролцож байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Арга хэмжээний хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, бүс нутгийн хамтын ажиллагааны салбар хуралдаан болж өнгөрлөө. Мөн Д.Сүхбаатарын талбайд Оросын техник технологи, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа нээлтээ хийсэн. Уг үзэсгэлэн гурав хоног үргэлжилнэ. Мөн 100 жилийн түүхтэй алдарт И.Моисеевын нэрэмжит академик чуулга 76 жилийн дараа Монгол Улсад бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтоо хийх гэж байна.

Арга хэмжээний хүрээнд эрчим хүч, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуйн гээд олон салбарт хамтын ажиллагааг сайжруулах зорилготой салбар хуралдаанууд зохион байгуулагдана. 

Хоёр орны стратегийн харилцааг шинэ шатанд гаргах, худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцааг нэмэгдүүлэх, улс төр эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд энэ удаагийн арга хэмжээ чухал түлхэц болно гэж үзэж байна. 

Сая санхүүгийн салбарын хамтын ажиллагааны буюу банк хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Маргааш зам тээврийн салбарын тарифын хөнгөлөлтийн асуудлаар ОХУ-ын Зам тээврийн сайд ирж гарын үсэг зурахаар төлөвлөгдсөн” гэв.

Mаргааш Төрийн ордонд "Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар гарын үсэг юм байна. Хэлэлцээр баталгаажснаар Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлтийг эдлэх аж.
 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров “Энэхүү форум Орос-Монголын харилцаанд эдийн засгийн эерэг нөлөөг авчирна гэдэгт итгэлтэй байна. Мөн бизнес  эрхлэгчдэд бизнесийн таатай нөхцөлийг бүрдүүлж, хоёр орны хоорондын аялагчдын тоог ихэсгэхэд нөлөөлнө хэмээн найдаж байгаа. Энэ тал дээр бидний зүгээс анхаарал хандуулж ажиллахдаа таатай байх болно.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй холбогдох хүмүүстээ талархлаа илэрхийлье. Дараагийн удаа яг энэ уулзалт ОХУ-д  болно хэмээн найдаж байна” хэмээн ярилаа.