Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп-Кимийн УУЛЗАЛТЫН ДАРАА УЛААНБААТАРТ ДАХИАД ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ӨРНӨНӨ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ, БНАСАУ, АНУ, ОХУ, Хятад, Япон улсын судлаачдын хамтарсан "Хурцадмал байдлыг намжаан, итгэлцлийг бэхжүүлэх замаар Солонгосын нэгдлийг хангах нь" хурал манай улсад эхэлж байгаа нь байршил геополитикийн хувьд ач холбогдолтой, хоёр Солонгостой адил тэгш найрамдалт харилцаатай, Зүүн хойд Азид энх тайван, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх боломжтойг тод харуулж байгаа аж.

Форумд оролцогчдын байр суурийг хүргэж байна.

Сингапурын уулзалтын үр дүнгийн дараа Улаанбаатарт дахиад яриа хэлэлцээ өрнөнө
Гэрэл зургийг mpa.mn

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Энэ олон улсын бага хуралд Солонгос, Америкийн эрдэмтэн судлаачдаас гадна Солонгосын үндэсний ардчилсан ассамблейн гишүүн, Солонгосын Элчин сайд гэсэн албаны хүмүүс энд оролцож байна.

Солонгосын хойгийн асуудлаар нэлээн нааштай өөрчлөлтүүд гарч байгаа энэ цаг үед АНУ-н ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгос улсын төрийн тэргүүн Ким Жон Ун нарын Сингапурт хийх уулзалтын өмнө болж Солонгосын хойгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн олон талын асуудлыг ярилцаж  байна.

Энэ хурлыг манай улсад зохион байгуулж байгаа нь хоёр Солонгосын харилцааг бэхжүүлэхэд Монгол Улс их хувь нэмэр оруулна гэсэн үг юм.

Хэрвээ энэ сарын 12-нд АНУ, БНАСАУ-ын Сингапурт болох дээд хэмжээний уулзалт амжилттай болвол цөмийн зэвсгийн асуудал дэс дараатайгаар шийдвэрлэгдэнэ. Мөн  Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад бүс нутагт итгэлцэл бий болж, энх тайван тогтвортой байдал үүсэх боломж бүрдэнэ.  Монгол Улс бол үүнд нилээн идэвхитэй байр суурийг баримталдаг. Сингапурын уулзалтын үр дүнгийн дараа Улаанбаатарт дахиад ийм яриа хэлэлцээ өрнөнө” гэв.

Хойд Солонгосын хүйтэн байдлыг зөөлөн болгох бодлого явагдаж байгаа

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам “Зургаадугаар сарын 12-нд болох уулзалт хоёр Солонгосын нэгдэлд маш их чухал ач холбогдол өгнө. Учир нь хойд Солонгосын хүйтэн байдлыг зөөлөн болгох бодлого явагдаж байгаа. Тиймээс энэ уулзалт дэлхий дахины болон хоёр Солонгосын энх тайвны нэгдэлд маш их чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна. 

Өнөөдөр болж байгаа форум маань БНАСАУ, БНСУ-ын хурцадмал байдлыг намжаах буюу зөөлөн хүчний бодлого болоход ач холбогдол бүхий үйл явдал юм.  Ийм дэлхийн хэмжээний уулзалт болж байна гэдэг бол өөрөө маш их ач холбогдолтой сайн зүйлийн эхлэл мөн гэж үзэж байна” хэмээлээ.

Монгол Улсын барьж байгаа бодлого нь хоёр Солонгосын аль аль талтай найрсаг харилцаатай төвийг сахисан байдаг
Гэрэл зургийг mpa.mn

Солонгосын нэгдлийн форумыг үүсгэн байгуулагч, судлаач Б.Лхагваа “1919 оны гуравдугаар сарын 1-нд Солонгосын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсний 100 жилийн ойд зориулсан, хоёр Солонгосын нэгдэл, энх тайвны асуудал руу чиглэсэн  гол хэлэлцүүлэг өрнөж байна. Үүгээрээ  их цаг үеээ олсон ач холбогдолтой уулзалт болж байна. Учир нь Солонгосын хойгийн асуудал өөрөө хамгийн их цаг үеийн асуудал юм. 

Солонгосын хойгийн чиглэлээр Монгол Улсын барьж байгаа бодлого нь хоёр Солонгосын аль аль талтай найрсаг харилцаатай төвийг сахисан байдаг. Гэхдээ энх тайвны нэгдлийн төлөө ч мөн Монгол Улс тууштай дэмждэг. Энэ хэлэлцүүлэг өнөөдөр манайд болоод зогсохгүй Япон, Хятад, Солонгост цуврал хурал арга хэмжээнүүд болох юм. Үүний эхлэл нь Монгол Улсад эхлэж байгаа учраас би газраа олсон гэж бодож байна” гэлээ.

Гэрэл зургийг mpa.mn

Солонгосын Чуннам их сургуулийн профессор Шин Жин “Солонгосын энх тайвны нэгдэл нь хүн төрөлхтний түүхэнд маш том ач холбогдолтой зүйл юм. Солонгосын эдийн засаг өөрөө өссөн шалтгаан нь чөлөөт худалдааны систем, дэлхийн энх тайван Солонгосын батлан хамгаалахын дэмжлэгтэйгээр хамгаалагдсан. Тиймд цаашдаа бид хоёр Солонгосын нэгдлийн учрыг олох шаардлагатай байгаа юм. Солонгос нь өөрөө экспортлогч орон учир эдийн засгаа ч мөн хөгжүүлэхэд хоёр Солонгосын нэгдлийн асуудал цаашдаа Азид төдийгүй Европт гарах бас нэг чухал зам болох юм” .

Дэлхийн Энхийн Сангийн Тэргүүн Жеймес Флинн “Бидний баримталж байгаа буюу Дэлхийн Энхийн Сангийн баримтлал байр суурь бол Солонгосын хойгийн нэгдлийн асуудал зөвхөн улс төрийн болон нэг  үндэстний асуудал биш. Цаашдаа урт хугацаанд энэхүү нэгдэл бидэнд эрх чөлөө, мөн хойд Солонгосын нэгдэл бүс нутагтаа хэрхэн сайн өөрчлөлт үзүүлэх вэ гэдэг талаас бид үр дүнг нь илүү харж байна.

Харин АНУ-ын байр суурь дээр аюулгүй байдлын асуудлыг голчлон харж байна. Аюулгүй байдлыг авчрахад зөвхөн улс төрийн аргаар биш цаана нь маш олон иргэний болон Төрийн Бус Байгууллагуудын хамтын ажиллагаа, энэ бүс нутаг дахь ард иргэдийн оролцоо байгаа гэдэг талаас бид илүү үр дүнг нь хүлээж авна.

Энэ сарын 12-ны уулзалтын дараа АНУ болон НҮБ-аас хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээг шууд тавигдана гэж би хэлж чадахгүй ч энэхүү үйл ажиллагаа маань энэ хурцадмал байдлыг шийдвэрлэхэд нэг алхам болно гэж бодож байна. Алхам алхмаар энэ нөхцөл байдал шийдэгдэж нээлттэй болсны дараа  энэхүү хориг тавигдах болов уу гэж бодож байна” гэлээ.

 Хятад улс хоёр Солонгосын нэгдлийг тууштай дэмждэг

“China Society” TББ-ын тэргүүн Ей Күйнг Ли “Хоёр Солонгос улс хуваагдсан болохоос нэг үндэстэн гэсэн ойлголт байдаг. Энэ хуваагдал нь Солонгос хүмүүсийн хувьд болон Зүүн хойд Азийн хувьд сүүлийн 50 жил маш их харамсалтай гунигтай зүйл болж үлдсэн.  Түүхээс нь харахад энэ нь дайны дараах ул мөр байсан болохоос Солонгос хүмүүсийн, ард түмний өөрсдийнх нь хүсэл бол биш байсан. Тэр ч байтугай хоёр Солонгос өөрсдийгөө хоорондын нэгдлийн төлөөх дайн гэж ойлгож байсан. Дайн зогсоох хэлцэл хийхийг хүссэн үед Өмнөд Солонгос улс энхийн гэрээнд гарын үсэг зурахыг хүсээгүй. Яагаад гэвэл дайн зогсоох бус хоёр үндэстэн нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байсан түүх байдаг.  

Маш олон бүс нутгууд руу өөрийн стратегийн ашиг сонирхол болон эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэхийн тулд манай Хятад улс нэг бүс нэг зам гэсэн төслийн санаачлагыг  хэрэгжүүж байгаа. Мэдээж энэ санаачлагыг хэрэгжүүлэхийн тулд маш олон саад бэрхшээлтэй учирч байна. Гэхдээ төслийг хэрэгжүүлснээр Хятад улсад шууд эдийн засгийн үр ашиг гээд байх зүйл ойрын хугацаанд  байхгүй. Нэг бүс нэг зам төсөл нь  аюулгүй байдал энх тайвныг бий болгоход  ач холбогдолтой гэж үзэж энэ төслийг Хятад улсын засгийн газар хэрэгжүүлэхийг хичээдэг. 

Хэрвээ Хойд болон Өмнөд Солонгос улс нэгдэж чадвал  бүс нутгийн хамтын ажиллагааг бий болгоход Хятад улсын хувьд маш таатай нөхцөл байдал бий болох учраас Хоёр Солонгосын нэгдлийг тууштай дэмждэг. Энэ хоёр улс нэгдвэл Хятад, Монгол, Солонгос,  Японыг холбосон  өндөр хурдны галт тэрэгийг бий болгож иргэд хоорондоо чөлөөтэй зорчдог болно.

Монголчууд түүхийн туршид улс орнуудын эв нэгдлийг бий болгож байсан учраас энэ хоёр улсын эв нэгдэлд хувь нэмэр оруулах бүрэн боломж байгаа гэж бид нар хардаг” хэмээв.

Форум нь ирэх жилийн 3 дугаар сарын 1-нд болох Солонгосын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойн ач холбогдлыг Солонгосын нэгдмэл үнэт зүйлийн хэмжээнд гарган ирж, түүхэн сургамж, ач холбогдлыг нь Солонгосын хойгийн хөгжил дэвшлийн шинэ эрин үетэй холбох зорилготой аж. 

"3 дугаар сарын 1-ний Солонгосийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ач холбогдол", "Солонгосын хойгийн шинэ хавар-нэгдлийн үйл явцийн хэтийн төлөв" "Зүүн хойд Ази дахь тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам", "Зүүн хойд Азийн эдийн засаг" гэсэн 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж сэдэв тус бүрээр Монгол Улс дээрх асуудлуудад ямар оролцоотой байх тухай гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид санал бодлоо хуваалцаж ярилцаж байгаа юм.