Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

2045 он гэхэд Монгол Улсын хүн амд 55 ба түүнээс дээш насныхны эзлэх хувь ХОЁР ДАХИН НЭМЭГДЭНЭ

Б.Ану
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өдгөө 60-аас дээш настай 901 сая ахмад настан амьдарч байгаа нь дэлхийн нийт хүн амын 12.3 хувийг эзэлж байгаа бол 2030 онд 1.4 тэрбум (16.5 хувь), 2050 онд 2.0 тэрбум (21.5 хувь) хүрэх төлөвтэй байгаа талаар Дэлхийн насжилтын хяналтын индекс (Global Age Watch Index) - 2015 судалгааны тайланд дурьдсан байна. Энэхүү судалгаанд дэлхий дахинд ахмад настны тоо эрчимтэй нэмэгдэж байгаа талаар дурдаад манай гаригт амьдарч буй 10 хүн тутмын нэг нь 60, түүнээс дээш насны хүн ам байна гэжээ. 

Хэрэв энэ хандлага хэвээр хадгалагдвал 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60, түүнээс дээш насны хүн ам болохоор байна.

Үндэсний Статистикийн Хороо Монголын Ахмад настны нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийн судалгааг хийсэн байна. Энэхүү судалгаанаас бид ОНЦЛОХ ЕСӨН тоо баримтыг боловсруулан хүргэж байна. 

Монголын өндөр настнуудын тухай ОНЦЛОХ ЕСӨН БАРИМТ

НЭГ. Тэд хэдүүлээ вэ?

Монгол Улсын хувьд 60, түүнээс дээш насны хүн ам нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд нийт хүн амын 21.1 хувьтай тэнцэх
магадлалтай байна.

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын дүнд суурилсан “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо” -ны үр дүнд үндэслэн 55, түүнээс дээш насны ахмадуудын нийт хүн амд эзлэх хувийг тооцож үзэхэд 2015 онд 9.7 хувь эзэлж байсан бол 2045 онд 19.4 хувь болж, 10 шахам пунктээр нэмэгдэхээр байна. 

График 1, Монгол Улсын хүн амын хэтийн тооцоо, хүн амын тоо, хувь, 2015-2045

Монгол Улсын нийт хүн ам 2017 онд 3.2 сая хүн болж, 2000-2017 онд 25.3 хувиар, жилд дунджаар 5.6 хувиар нэмэгдсэн байна. Харин ахмад настан 313.3 мянган хүн болж 45.6 хувиар, жилд дунджаар 4.4 хувиар нэмэгдсэн бөгөөд нийт хүн амын 10.4 хувийг эзэлж байна. 

ХОЁР. ХҮЙСИЙН ХАРЬЦАА

Нийт ахмад настны 140.6 мянга буюу 42.4 хувь нь эрэгтэйчүүд, 190.7 мянга буюу 57.6 хувь нь эмэгтэйчүүд байна.

ГУРАВ. ДУНДАЖ НАС

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65.88 буюу 66 байгаа бол эмэгтэйчүүдийнх 75.44 буюу 75 нас байна. 

Монгол хүний дундаж наслалт 69.89 буюу 70 хүрч, энэ үзүүлэлт 10 жилийн өмнөх үеэс 5-6 насаар нэмэгджээ. 

ДӨРӨВ. ХЭЧНЭЭН НЬ АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ ВЭ

Ажиллах хүчний 2017 оны судалгааны дүнгээр 55-аас дээш насны эмэгтэй, 60 түүнээс дээш эрэгтэй 65.7 мянган ахмад настан хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд нийт ажиллагчдын 5.3 хувийг эзэлж байна. Нийт хөдөлмөр эрхэлж байгаа ахмад настны 20.2 мянга (30.7 хувь) нь эрэгтэйчүүд, 45.5 мянга (69.3 хувь) нь эмэгтэйчүүд байна. 

ТАВ. ЭРҮҮЛ МЭНД

Улсын хэмжээнд 2017 оны байдлаар эмнэлэгт 853.8 мянган хүн хэвтэн эмчлүүлсний 210.0 (24.1%) мянга нь ахмад настан байна. Ахмад настны 35.1 хувь зүрх судасны өвчин, 12.6 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 10.3 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 8.7 хувь нь мэдрэлийн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.

Ахмад настан (55, түүнээс дээш насны) 9.0 мян хүн 2017 онд нас барсан байна. Эдгээр хүний буюу ахмадуудын 78.3 хувь нь хавдар, зүрх судасны өвчлөлөөр нас баржээ. 

ЗУРГАА. ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭВЭР АВДАГ ВЭ?

Өндөр насны тэтгэвэр авагчид 2005 онд сард дунджаар 38.7 мянган төгрөгийн тэтгэвэр ногдож байсан бол 2017 онд 314.2 мянган төгрөгийн тэтгэвэр ногдож байна.

Нийт өндөр насны тэтгэвэр авагчдын 29 хувь нь эрэгтэйчүүд, 71 хувь нь эмэгтэйчүүд байна.

Өндөр насны тэтгэвэр авагчдын тоо 2017 онд 282.6 мянгад хүрсэн бөгөөд:

  • 42.7 хувь нь 216 000-251 000 төгрөг,
  • 141.3 мянган хүн буюу 50.0 хувь нь 251 001-551 000 төгрөг,
  • 16.5 мянган хүн буюу 5.8 хувь нь 551 001-851 000 төгрөг,
  • 3.6 мянган хүн буюу 1.3 хувь нь 851 001-115 1000 төгрөг,
  • 488 хүн буюу 0.2 хувь нь 1 151 001-ээс дээш төгрөгийн тэтгэвэр авч байна. 

ДОЛОО. ХҮН АМ ЗҮЙН АЧААЛАЛ

Хүн ам зүйн ачаалал гэдэг нь хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох 15, түүнээс доош болон 65, түүнээс дээш насны хүн амын тоог хэлэх бөгөөд хөдөлмөрийн бус насны хүн амын нийгэмд үзүүлж буй ачааллыг ойлгоно.

Хүн ам зүйн ачаалал 2017 онд 2010 оноос 10 хүнээр өсөж 58.3 болсон нь хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох 0-14 насны хүүхэд 8-аар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох ахмад настны тоо 2-оор нэмэгдсэн байна.

Монгол Улсын хүн амын хэтийн тооцоогоор хүн ам зүйн ачаалал 2017 онд 58.3 байсан бол 2045 онд 64.9 болж, хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхдийн тоо 50.1, ахмад настан 14.8 болж нэмэгдэхээр байна. 

НАЙМ. АХМАД НАСТАН ТЭРГҮҮЛЭГЧТЭЙ ӨРХ

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны судалгааны үр дүнгээс харахад судалгаанд хамрагдсан нийт өрхийн 24.1 хувийг 55-аас дээш насны эмэгтэй (13.8 хувь), 60 түүнээс дээш насны эрэгтэй (10.3 хувь) өрхийн тэргүүлэгчтэй өрх эзэлж байна.

ЕС. ТЭД ХААНА АМЬДАРЧ БАЙНА ВЭ?

Улсын дунджаар 2017 онд нийт ахмад настны 37.2 хувь нь гэрт, 23.7 хувь нь орон сууц, 38.0 хувь нь сууцны тусдаа байшин, 1.1 хувь нь бусад төрлийн сууцанд амьдарч байна.

Суурьшлаар авч үзэхэд хотод амьдарч байгаа ахмад настны 24.1 хувь нь гэрт, 35.1 хувь нь орон сууцанд, 39.6 хувь нь сууцны тусдаа байшинд амьдарч байна. Харин хөдөөгийн ахмад настны 61.5 хувь нь гэрт, 2.7 хувь нь орон сууцанд, 35.0 хувь нь сууцны тусдаа байшинд амьдарч байна. 

Нийт ахмад настны 68.3 хувь нь хотод, 31.6 хувь нь хөдөөд амьдарч байна.