Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Канадын ерөнхий сайдаас “Та нар Цагаан ордныг шатааж байгаагүй гэж үү?” хэмээн асуужээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хойд хөрш Канадад ган, хөнгөнцагааны импортын татвар ноогдуулж, үүнийгээ үндэсний аюулгүй байдлын үүднээс гэж тайлбарлаж байгаа.

Үнэндээ түүхийнхээ туршид Америктай холбоотон байж ирсэн Канадчуудад энэ тайлбар огт ойлгогдохгүй байгаа юм. Тэгвэл өнгөрсөн сард Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн Дональд Трамптай утсаар ярьсан ярианы тэмдэглэлийг CNN саяхан олж авчээ.

Энэ үеэр Трюдо Трампаас үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр татвар оноож байгаа шалтгаанаа тайлбарлахыг хүссэн байна.

Ингэхэд Трамп “Та нар Цагаан ордныг шатааж байгаагүй гэж үү?” хэмээн асуусныг CNN мэдээлжээ.

Үнэндээ 1814 онд Британий цэрэг тусгаар тогтноод удаагүй байсан АНУ-тай дайтаж байхдаа Цагаан ордныг шатааж байсан юм. Энэ явдлаас 50 гаруй жилийн дараа л Канадын холбоо тусгаар улсаа зарлаж байжээ.

1812 онд эхэлсэн энэ дайны гол талбар өнөөдрийн Канадын газар нутаг байсан, мөн энэ дайнаар Канад тусгаар улс болох үндсээ тавьсан нь Трампыг ингэж хэлэхэд хүргэсэн бололтой.

Бусдаар бол АНУ, Канад улсууд хэзээ ч зөрчилдөж байгаагүй, хоёр орны хил 200 гаруй жилийн турш цэрэг, зэвсэггүй байсаар ирсэн түүхтэй.

Ням гарагт Жастин Трюдо NBC сувагт ярихдаа “Манай цэргүүд дэлхийн хоёр дугаар дайнд ч, Афганий уулсад ч, дэлхийн хамгийн хүнд цэгүүдэд хамт тулалдаж, зэрэгцэн амь үрэгдэж ирсэн. Канадын гангаар АНУ зэр зэвсгээ үйлдвэрлэж, Канадын хөнгөнцагаанаар нисэх онгоцоо үйлдвэрлэдэг мөртлөө өнөөдөр үндэсний аюул гэж үзэж байгаа нь хачирхалтай” гэж гомдоллон ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian