Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Монгол Улсын хүн амын 66% нь улсын дунджаас БАГА хэрэглээтэй байна

Б.Ану
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 1995-2007 онд 36.3 хувиас 29.3 хувь болж ерөнхийдөө аажим буурсан боловч 2008-2009 онд 35.2 хувиас 38.7 хувь болж өссөн билээ. 

Харин 2010-2014 онд 38.8 хувиас 21.6 хувь болж буурсан байна. Гэвч ядуурлын түвшин 2016 гэхэд эргээд 29.6 хувь болж нэмэгджээ.

Энэ нь 2016 оны байдлаарх нийт хүн ам болох 3 сая 63 мянган хүнээс 907.5 мянга нь ядууралд өртсөн байгааг илтгэж байна.

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ЯДУУРАЛ, АЖИЛГҮЙДЛИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА-нд дурдсанаар нийт өрхийн хувьд авч үзвэл, 2016 онд манай улсын 869.8 мянган өрхийн 22.1 хувь нь буюу 192.2 мянган өрх ядуу байна.

Барилгын салбар, мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 2016 онд өмнөх оноос 6.3-7.4 хувиар буурсан, барилгын салбарт ажиллагчдын тоо 16.7 мянган хүнээр огцом буурсан, 2015, 2016 онд цалин, тэтгэвэр төдийлөн нэмэгдээгүй, мөн дундаж цалингийн худалдан авах чадвар буурсан зэрэг нь ард иргэдийн орлогод сөргөөр нөлөөлж, ядуу иргэдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлсөн шалтгаануудын нэг гэжээ. 

График 1, Ядуурлын түвшин, хувиар, 1995-2016, Эх үүсвэр: ҮСХ, ӨНЭЗС

Судалгааны дүнгээр 2014 онд олон тооны өрх ядуурлын шугамаас бага зэрэг дээгүүр хэрэглээтэй байсан бол 2016 онд олон тооны өрх ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй болсон байна. 

Нэг хүнд сард ногдох дундаж хэрэглээ 2016 онд улсын дүнгээр 236,288 төгрөг байсан. 

График 2, Нэг хүнд ногдох хэрэглээний тархалт, 2014, 2016 он

 

Нийт хүн амын талаас илүү нь буюу 59.6 хувь нь хэрэглээний хамгийн их давтамжтай бүлэг болох 86.0-236.0 мянган төгрөгийн хэрэглээтэй бүлэгт хамаарагдаж байна. Нийт хүн амын дийлэнх буюу 65.7 хувь нь улсын дундаж хэрэглээнээс бага хэрэглээтэй байна.

График 3,  Нэг хүнд ногдох хэрэглээ, өрхийн тооны тэнцүү 10 бүлгээр, 2014, 2016 он

 

Нийт хүн амыг хэрэглээгээр нь эрэмбэлэн тэнцүү тооны 10 бүлэгт хуваан авч үзвэл (график 3), хамгийн чинээлэг хэсгийн нэг хүн сард дунджаар 605.4 мянган төгрөг хэрэглэж байна. Харин хамгийн ядуу бүлгийн нэг хүн сард дунджаар 78.4 мянган төгрөг хэрэглэж байгаа нь хамгийн чинээлэг бүлгийнхнээс 7.7 дахин бага байна. Аль ч бүлгийнхний хүн амын хэрэглээний жигд бууралт нь ядуурал өсөхөд нөлөөлжээ. 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо