Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мисс Америка тэмцээн оролцогч бүсгүйчүүдийг нүцгэлэхээ зогсооно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Америкийн гоо бүсгүйг шалгаруулдаг Мисс Америка тэмцээн өрсөлдөгч бүсгүйчүүдээ дахин нүцгэлэхгүй болсноо зарлалаа.

Өчигдөр тус тэмцээнийг зохион байгуулагчид ирэх есдүгээр сард болох ээлжит өрсөлдөөнөөс усны хувцастай үзүүлбэрийг хасахаас гадна зөвхөн гоолиг бүсгүйчүүдийг биш, мөн биеийн ямар ч жинтэй бүсгүйчүүдийг оруулахаа амласан байна.

Мисс Америка байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Гретчен Карлсон “Бид өрсөлдөгчдийг цаашдаа биеийн хэлбэр галбираар нь дахин өрсөлдүүлэхгүй” гэж “Good Morning America” шоунд орохдоо мэдэгджээ.

Тодруулбал бүсгүйчүүдийг биеийн гоо сайхан, царай зүсээр нь бус, харин манлайлагч зан чанар, илтгэх чадвар, хэв маяг, хувь хүний хөгжлөөр нь уралдуулах бололтой.

Дотоод гоо сайхнаа ил гаргах буюу “өөрийн дотоод хүнийг хэн болохыг дэлхийд харуулах чадвартай байх ёстой” гэж Карлсон шинэ шалгуурын талаар тайлбарлажээ.  

Өмнө нь телевизийн мэдээний хөтлөгч байсан Карлсон нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах #MeToo хөдөлгөөний идэвхтэн юм. Мөн Мисс Америка байгууллагын өмнөх удирдлагуудын хоорондоо харилцаж байсан имэйл алдагдаж, эмэгтэйчүүдийг зүс царай, бие галбираар нь ялгаварлаж ханддаг нь ил болсноор бүгд огцорч, оронд нь эмэгтэй захирлууд томилогдоод байгаа.

Энэ өөрчлөлтийн үр дүнд сайхан бүсгүй шалгаруулдаг уламжлалт тэмцээний зорилго орвонгоороо эргэж байгаа бололтой.

 

Эх сурвалж: Quartz