Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Чончинь хотод дэлхийн анхны хэвтээ цамхагийг байгуулж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хятадын баруун өмнөд бүсийн мега хот болох Чончиньд өнөөдөр найман ширхэг цамхагаас бүрдсэн Raffles City төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Хөх мөрний эрэг дагуу сүндэрлэх цамхагуудын хоёр нь 350 метр өндөр бол зургаа нь 250 метр өндөр юм байна. 

Нийт 134,000 м.кв талбайтай орон сууц, дэлгүүр, оффис, зугаа цэнгээний төвүүд байрлах уг байгууламжийн зураг төслийг нэртэй архитектор Моше Сафди гүйцэтгэжээ. Тэр өмнө нь Сингапурын алдарт Марина Бэй Сэндс зочид буудлын загварыг гаргаж байсан юм.

Харин энэ удаагийн төслийн нэг онцгой шийдэл нь гол дөрвөн цамхагийг агаараар холбосон 300 метр урттай хэвтээ цамхаг ажээ. Уг цамхаг нь 42 давхрын өндөрт байрлах тулд хүмүүс газарт буулгүйгээр цамхаг хооронд зорчих боломжтой болж байна.

Гэхдээ хэвтээ цамхаг зөвхөн зорчих зориулалттай бус, энд орон сууц, зочид буудал, ресторанууд байрлахаас гадна алсыг харах задгай тавцан байрлах гэнэ.

Архитектор нь энэхүү шийдлээ хүн ам шигүү суудаг хотын хөл хөдөлгөөнийг бууруулахад нэмэр болно гэж дүгнэж байна. Гэвч зарим мэргэжилтнүүд хэрвээ энэ байгууламж үнэтэй тансаг үйлчилгээнүүдээр дүүрвэл цөөн баян хүмүүс хотын хөл хөдөлгөөнөөс дайждаг газар болж хувирна гэж болгоомжилж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian