Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэрэннадмид: Ховд, Орхон аймагт шууд засалтын технологи туршина

О.Халиун
2018 оны 5 сарын 31
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зургаадугаар сарын 16-наас элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ.

Шалгалтын үеэр юуг анхаарах тухай “Боловсролын үнэлгээний төв”-ийн мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас зарим зүйлийг тодрууллаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдийн тоо сүүлийн байдлаар тодорхой болсон уу?

-Энэ жил 43,846 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Одоогоор шалгалт өгөхөд шаардлагатай бэлтгэл ажлуудыг хийж байна.

-Бүртгүүлсэн хүүхдүүдийн хэдэн хувийг орон нутгийн төгсөгч эзэлж байна?

-Нийт шалгуулагчдын 43 хувь нь Улаанбаатар хотынх, 57 хувь нь хөдөө орон нутгийнх байна.

-Шалгалтын журамд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Шалгуулагч заавал монгол хэл бичгийн шалгалт өгөх ёстой. Монгол хэл бичгийн шалгалт нь хариултын хуудасгүй учир тус дэвтэртэй ажиллахдаа хөх өнгийн үзгэн балаар ажиллана. Бусад 10 хичээл нь хариултын хуудастай. Хариултын хуудастай ажиллахдаа 2B-4B буюу зөөлөн харандаагаар бөглөнө.

-Сурагчид шалгалт өгөхөөр ирэхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэр-чилгээ, цахим үнэмлэхээ заавал биедээ байлгах ёстой. Шалгалт өгөх ангидаа 10 минутын өмнө ирж өөрийн дугаартай суудалдаа суусан байх ёстой.

-Хэрэв хоцорвол яах вэ?

-Хүүхдүүд шалгалт эхлэхээс цагийн өмнө хуваарийн дагуух сургууль дээрээ ирсэн байх ёстой. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд оруулахгүй болохыг хатуу анхааруулъя

-Шалгалтын танхимд авч орохыг хориглосон зүйл байгаа юу?

-Танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, ухаалаг цаг, дуу хураагч, чихэвч авч орохыг хориглож байгаа.

-Жил бүр элсэлтийн шалгалтын хариу задарсан гэх маргаан гардаг. Энэ жилийн хувьд үүнээс хэрхэн сэргийлж байна?

-Жил бүр ийм яриа гардаг ч үнэндээ хариу задарч байгаагүй. Өнгөрсөн жил л математикийн хичээлийн хариу задарсан тохиолдол гарсан. Хариуг задруулсан хүнтэй хариуцлага тооцсон.

-Шалгалт дөхөхөөр шалгалтын хариу, сэдэв зарна гэсэн зар мэр сэр явдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Элсэлтийн шалгалтаар бизнес хийх гэсэн ашиг хонжоо хайгчдаас болгоомжлох хэрэгтэй. Сэдэв зарна, оноо нэмнэ гэсэн худал үгэнд бүү итгээрэй. Хүүхдүүд ийм мэдээлэлд автаад эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироод байна. Манай төв рүү “Би хариу зарна гэхээр нь худалдаж аваад, цээжлээд шалгалтдаа орсон ч буруу байсан” гээд хүүхдүүд хандсан.

-Үүнээс хэрхэн сэргийлж, ямар арга хэмжээ авах вэ?

-Эцэг эхчүүд хүүхдэдээ иймэрхүү зард итгэж болохгүйг анхааруулах хэрэгтэй. Манай төвийн хувьд ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран ажиллаж байгаа.

-Шууд засалтын технологи нэвтрүүлнэ гэж байсан. Энэ ажил ямар шатанд явж байна?

-Энэ жил зөвхөн Ховд, Орхон аймагт шууд засалтын технологио туршихаар төлөвлөж байна. Дараа жилээс бусад орон нутаг болон Улаанбаатар хотод нэвтрүүлнэ.

-Шалгалтын хариу хэзээ гарах вэ ?

-Долоодугаар сарын 1-ний өглөө 09:00 цагт гарна.

Зураг