Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Номин”, “И-Март” үгсэн хуйвалдаж, үнэ тогтоож байна гэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Оргил” худалдааны төвөөс өнөөдөр ШӨХТГ-т гомдол гаргажээ. 

“Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбагана “Манай сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүний үнэ дээр 10 хувь нэмээд борлуулдаг. Гэвч “Номин”, “И-март” сүлжээ дэлгүүрүүд дахиад таван хувь нэмж зарахыг үндэсний үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэгчдээр дамжуулан шахаж байна. Энэ саналыг нь бид татгалзсаны улмаас зарим компани бүтээгдэхүүнээ манайд нийлүүлэхээ зогсоож байна.

Тухайлбал, “MCS coca cola” компани “Оргил” худалдааны төвд бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоож буйгаа энэ сарын 23-нд албан бичгээр мэдэгдсэн. Тус компанийн “Бидний кола” ундааг манайх 2,010 төгрөгөөр худалддаг бол “Номин”, “И-март”-д 2,100 төгрөгийн үнэтэй байгаа. Зөвхөн “MCS coca cola" ч биш, бусад ханган нийлүүлэгчдээс ч ийм хүсэлт ирж байсан. 
 

Нэг үнийн бодлого гэдгийг хэн хаанаас зохиогоод байгааг мэдэхгүй. Бид тэдний хүслээр үнээ таван хувиар хэзээ ч нэмэхгүй, хэрэглэгчдийн эрх ашгийг ингэж зөрчиж болохгүй” хэмээн мэдэгдсэн юм. 

Энэ үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгаа тул тус худалдааны төвийнхөн ШӨХТГ-т хандсан байна. Төрийн байгууллагууд үүнд хяналт тавьж, хуулийн дагуу дүгнэлтээ гаргаж өгнө гэж найдаж байгаагаа тэд хэллээ.