Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн GDPR бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар сарын 25 бол Европын Холбооны GDPR (General Data Protection Regulation) хууль хэрэгжиж эхлэх түүхэн өдөр юм.

 Уг хууль нь технологийн компаниуд болон интернэт хэрэглэгчдийн харилцааг үндсээр нь өөрчилж байгаа. Нэг үгээр хэлбэл хэрэглэгчийн мэдээллийг компаниуд хэрхэн ашиглаж байгаагаа нээлттэй, ил тод харуулдаг болох зохицуулалт юм.

Хэдийгээр зөвхөн Европын хэрэглэгчдэд үйлчлэх хууль боловч технологийн том компаниуд хэрэглэгчийн мэдээллийг ашиглах дүрэм, журмаа өөрчилж байгаа тул дэлхий даяар бүх хүнд хамаатай асуудал болж байна.

GDPR хуулийг Европын Холбоо 2016 онд баталж, 2018 оны тавдугаар сарын 25-наас мөрдөж эхлэхээр болсон юм. Үүнийг хэрэгжүүлснээр дараах гол өөрчлөлтүүд бий болж байна.

Нэгдүгээрт, компаниуд хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, ашиглахад нэлээд хэцүү болсон. Хэрэглэгчээс мэдээллийг нь авах бүртээ компаниуд авч байгаагаа ил мэдэгдэж, зөвшөөрлийг нь авна.

Хэрэглэгч нь тухайн үед зөвшөөрсөн ч дараа нь дуртай үедээ уг зөвшөөрлөө цуцалж бас болно. Уг дүрэм хэрэглэгчийн мэдээлэл дээр суурилсан зар сурталчилгаа явуулдаг бизнес загварт том цохилт болж байгаа юм.

Хоёрдугаарт, GDPR хуулийг зөрчсөн компани маш өндөр торгуультай. Хуулийн дагуу буруутай компани дэлхий дахинд олж байгаа нийт орлогынхоо 4 хувийг торгууль болгон төлөх ёстой. Энэ нь хамгийн багадаа $20 сая болно гэсэн үг.

Тэгвэл энгийн интернэт хэрэглэгчид GDPR яаж нөлөөлөх вэ?

Хамгийн түрүүнд үйлчилгээг хэрэглэх нөхцөл буюу “Terms of Service” гэх бичиг баримтад томоохон өөрчлөлт орж, үйлчилгээг хэрэглэх үед ойр ойрхон зөвшөөрөл авах цонхнууд үзэгдэж эхэлнэ.

Тодруулбал “Yes or No”, “Click to proceed” гэх мэт хэрэглэгчээс зөвшөөрөл гуйсан асуулт бүхий жижиг цонхнууд ойр ойрхон нээгдэх юм.

Мөн эдгээр цонхнуудад бичигдсэн зүйлс урьд өмнөхөөсөө илүү товч, ойлгомжтой болно. Энэ бол GDPR-ын шаардлага юм.

Өмнө нь хэрэглэгчид уншихаас залхмаар урт, нуршуу “Terms of Service” бичиг баримтыг нүдээ аниад зөвшөөрдөг байсан бол одоо илүү ойлгомжтой болж байгаа гэсэн үг.

Бас тухайн компанид өгөөд байгаа хувийн мэдээллээ хэрэглэгч бүр нээж үзэх боломжтой болж байна. Мөн уг мэдээллийг нь цааш ямар ямар этгээдүүдэд дамжуулснаа компани бүр тайлагнаж харуулах юм.

Ямартай ч интернэтийн түүхэнд урьд өмнө нэвтэрч байгаагүй хатуу хууль өчигдрөөс эхлэн хэрэгжиж эхэлж байна.

Технологийн томоохон компаниуд уг хуулинд нийцүүлэн үйлчилгээний нөхцөлдөө өөрчлөлт оруулснаа зарлаж байгаа. Гэхдээ ихэнх компани, хувь хүмүүс GDPR-ийн талаар ойлголт маш багатайгаар шинэ эринийг эхлүүлж байна.

 

Эх сурвалж: The Verge