Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Ноолуурын салбар 950 тэрбумын үйлдвэрлэл, 740 гаруй тэрбум төгрөгийн экспорт хийж байна"

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
 

Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын ноос ноолуурын холбоо,  Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл хамтран зохион байгуулж буй "Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж" улсын зөвлөгөөний нээлт өнөөдөр боллоо. 

ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа "Манай улс 2017 оны байдлаар 9,400 тонн ноолуурыг бэлтгэсэн. Үүнээс 80 хувийг нь угаасан, 10 хувийг нь самнасан байдалтайгаар экспортод гаргасан байна.

Ноолуурын дөнгөж 10 хувь эцсийн бүтээгдэхүүн болж байна. Тиймээс Засгийн газраас эдийн засгийг сэргээх хөтөлбөр, стратегийн нөөцийн тухай хууль зэрэг эрх зүйн актуудад үндэслэн ноолуур хөтөлбөрийг батлуулсан. Уг хөтөлбөр батлагдсанаар энэ оноос эхлээд нийт ноолуурынхаа 40 орчим хувийг дотоодын үйлдвэрүүд авч, эцсийн бүтээгдэхүүн хийхээр ажиллаж байна.

Дотоодод ноолуурын том жижиг нийлсэн 298 үйлдвэр бий. Ноолуурын салбарт улсын бүртгэлтэй байдлаар 5,200 хүн ажилладаг. Гэрээт болон гэрээт бус бүх ажилчдын тоог оруулбал ноолуурын салбарт 10 орчим мянган хүн ажиллаж байна.

Малчид ноолуураа ангилан ялгаж сурах хэрэгтэй. Үйлдвэр малчин хоёрыг хооронд нь холбож дотоодын арилжааг өндөр түвшинд хийхээр хөдөө аж ахуйн биржтэй хамтран ажиллаж байна.

Нийт үйлдвэрлэж байгаа ноолууран бүтээгдэхүүн экспортод нийцсэн нөхцөлд зээлийн хүүгийн зөрүүг төрөөс олгохоор ажиллаж байгаа" гэлээ.

Манай улс ихэвчлэн Их британ, Франц, Итали, Япон, Солонгос зэрэг улс руу ноолуураа экспортолдог бөгөөд эцсийн бүтээгдэхүүний экспортын өсөлт 50 хувь байна. 

Ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд эргэлтийн хөрөнгө, зээл тулгамдсан асуудал болдог гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа.

 Ноолууран бүтээгдэхүүний боловсруулалтад анхаарах шаардлагатай

 

Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгийн багийн шинжээч Д.Нямсүрэн "Ноос ноолуурын салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын чадавхыг дээшлүүлэх чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт даатгал үйлчилгээ. Яг ямар төрлийн даатгалыг бий болгох тал дээр судалж байна.

2018 оны есдүгээр сараас судалгааны ажлын үр дүн гарч эхэлнэ. Хоёрдугаарт сургалт судалгааны ажлыг зохион байгуулж байна. 2018 оны хувьд Хятад, Япон улсын зах зээлийн судалгааг хийсэн.

Манай ноолууран бүтээгдэхүүн тухайн зах зээлд очиход өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд юун дээр анхаарах ёстой вэ зэргийг судалсан. Бид ноолууран бүтээгдэхүүний боловсруулалтад анхаарах шаардлагатай" гэлээ.

"Ноолуурын салбарын ажилчдын тоог 2025 он гэхэд 20 мянга болгон нэмэгдүүлнэ. Манай улс дэлхийн зах зээл дээрх ноолуурын нөөцийн 40 гаруй хувь 9.4 тонн ноолуурыг хөдөлгөж байна гэдэг нь манай улсын давуу тал.

Бид энэхүү давуу талаа ашиглан төрийн оновчтой дэмжлэгт тулгуурлаж дэлхийн жишигт нийцсэн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох бүрэн боломжтой. Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжиж, урт хугацаатай бага хүүтэй зээл олгох, техник технологийн шинэчлэлийн асуудлыг шийдэх чухал байна. 

Өнөөдрийн байдлаар ноолуурын салбар 950 гаруй тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 740 гаруй тэрбум төгрөгийн экспортыг хийж байна" гэсэн мэдээллийг Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг өглөө.

Өнөөдөр эхэлсэн "Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж" улсын зөвлөгөөн энэ сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.