Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Номуун: Хүний сэтгэлд шингэсэн дүр бүтээж, тэр дүрээрээ овоглохыг хүсдэг

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-14” наадам өнөөдөр 16:00 цагаас Улаан хивсний ёслолоор эхлэх гэж байна. 

Тус наадмын Шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд “Labyrinth-Төөрөх хонгил” жүжгээр өрсөлдөж буй жүжигчин Г.Номуунтай ярилцлаа.

-“Гэгээн-Муза” наадамд дахин нэр дэвшиж байгаад баяр хүргэе. 2016 онд мөн моно жүжгээр Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан байх аа?

- Хоёр жилийн өмнө “Гэгээн-Муза”-д нэр дэвших эрхээ аваад л маш их баярлаж байлаа. Шагнал авсандаа одоо ч баяртай байдаг.

2016 оны наадмаас “Хатагтай Капулет” моно жүжгээр шагнал авсан. “Гэгээн-Муза” хүртсэн нь надад үнэхээр маш их урам зориг, ташуур болж, тэр том шагналыг авчихаад би зүгээр сууж болохгүй, үүнээс илүүг хийх ёстой гэж бодоод улам илүү хичээж байна даа. 

Уран бүтээлчдийн дунд цагаахан өрсөлдөөн бий болгож, илүү хүчтэй байлгах боломжийг өгдөг  Гэгээн-Муза академийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. 

-Моно жүжиг жүжигчнийг тодруулж гаргадаг. Мөн жүжигчнээс өндөр мэдрэмж, чадвар шаарддаг гэх яриа бий. Таны хувьд хоёр дахь удаагаа моно жүжгээр “Гэгээн-Муза” наадамд нэр дэвшиж байна.

- Тийм ээ. Ер нь бол жүжигчин хүн өөрийн чансаагаа шалгахын тулд моно жүжиг дээр ажилладаг юм байна лээ. 

Театрын уран бүтээл нэг жүжиг дор хаяж 10 үзэгдэлтэй, өөр өөр дүрүүд гарна. Харин моно жүжиг зөвхөн жүжигчний тоглолтоос л шалтгаална. Тийм учраас илүү их бодох, бясалгах, бэлтгэл хийх гээд ачаалал ихтэй. 
Миний хувьд моно жүжигт тоглоод маш их зүйл сурч байна. Надад үнэхээр их таалагдаж байгаа учраас цаашдаа ч өөрийгөө хөгжүүлэхийн тулд моно жүжиг дээр ажилласаар байх болно. 

- Энэ жилийн нэр дэвшиж байгаа жүжиг буюу  “Labyrith-Төөрөх хонгил” жүжгийн тухайд?

- Энэ жүжиг эх үрийн хүйн харилцааны тухай. 

Надад нэг эмзэглэл байсан. Манай залуучууд дөнгөж гэр бүл зохиогоод хүүхэдтэй болсныхоо дараа маш их салж байна. Ингээд хүүхэд хохироод өнчрөөд үлддэг. Ийм нэг эмзэг сэдэв байсан учраас театрынхаа найруулагч О.Итгэлтэй ярилцаад өнчирч хоцорсон хүүхдүүдийн бодит жишээн дээр тулгуурлан зохиол бичүүлсэн.

Жүжиг маань жирэмсэн эмэгтэй хүүхдээ авхуулах уу, болих уу гэж эргэлзэж байгааг харуулан эхэлдэг. Ээжийнхээ бодол үйлдэл бүрийг хэвлийд буй хүүхэд нь сонсож, мэдрэх бөгөөд  “Аав яагаад надаас айгаад байгаа юм бэ?. Би тийм аймар биш шүү дээ. Намайг битгий авахуул л даа” хэмээн бодно...

Энэ бол өнөөдрийн нийгэмд тулгамдаж байгаа хамгийн том асуудал гэж би хардаг. Тийм учраас энэ жүжгээ олон хүнд тэр дундаа маш олон залууст үзүүлэхийг хүч байна. 

Өөрийнхөө эмзэглэл дээр тулгуурлаад уран бүтээл хийж хүмүүст хүргэх боломж уран бүтээлч хүнд байдагт би их баяртай байдаг.

- 2017 онд Жулетта /Ромео Жульетта жүжгийн/, Пагмадулам /Жаргаагүй нар жүжгийн гол дүр Д.Нацагдоржийн эхнэр/ нарын дүрд  тоглосон. Залуу хүний хувьд цаашаа өшөө өөр ямар дүрд “шунаж” байна вэ?

- Хүн болгон л “Жульеттад тоглоод жүжигчний мөрөөдөл чинь биелчихэв үү?” гэж асуугаад байгаа. Жульеттагийн дүр бол хиргүй гэнэн ариун хайрын бэлгэдэл болсон дүр юм . Эмэгтэй жүжигчин бүрийн хүсдэг дүр. Мэдээж уран бүтээлч залуу хүний хувьд ганцхан Жульеттагаар өөрийгөө дүгнэж болохгүй. 

 

Цаашдаа өөрөөсөө тэс өөр араншинтай дүр, сайхан монгол хатны дүрд тоглох юмсан гэсэн бодол байна. Агуу мундаг жүжигчид дээд тал нь хоёр дүрийг хүний сэтгэлд хүргэж, гүн сэтгэдэл төрүүлсэн байдаг гэх яриа бий. Тийм болохоор хүний сэтгэлд шингэсэн дүр бүтээж, тэр дүрээрээ овоглохыг хүсдэг. Ер нь бүх л жүжигчин бүтээсэн дүрээрээ овоглохыг хүсч, зорьж хөдөлмөрлөдөг байх.

- Танд кино, дэлгэцийн бүтээлийн санал хэр их ирдэг вэ, кинонд тоглох бодол бий юу?

- Саналууд бол ирдэг. Саяхан нэг санал ирсэн ч  ажил давхцаад чадсангүй. Гэхдээ дахиад нэг санал байгаа. Тэр саналыг хүлээж авах бодолтой байна. Саналууд ирдэг ч цаг зав, тохироо бүрдэхгүй юм. Ер нь кинонд тоглох бодол бий.

-Гэр бүлийн хүн тань бас жүжигчин, бага насны хоёр хүүхэдтэй гэхэд их ажил амжуулж байна шүү?

- Хоёулаа уран бүтээлч хүн болохоор нэг нэгнээ дэмжинэ, зөвлөнө, туслана гээд давуу талууд бий. Харин ар гэр орхигдох тал гарч байгааг сүүлийн үед үнэхээр их ойлгож байна. Манай том хүү гурван настай бага нь одоо 11 сартай болж байна. Хүүхдүүдээ аль альныг нь нэг сар гарантай болгоод ажилдаа орж байсан. Жүжгээ тоглочихоод гялс гүйж харьж хүүхдээ хөхүүлчихээд буцаад ажилдаа ирдэг.  

 

Уран бүтээлч хүн учраас нэг, хоёр жил гэртээ байгаад хүүхдээ харах боломж байхгүй. Тийм болохоор өөртөө хатуу  хандаж, байнгын хөдөлмөрлөж байж чанартай уран бүтээл гаргана гэж боддог.  Тэгээд л ядарсан ч ядраагүй юм шиг өөрийгөө зоригжуулаад ажлаа хийгээд явж байна. 

Манай нөхөр “Гэгээн-Муза” наадамд “Цагаан толбо” моно жүжгээр оролцож байгаа.  Хоёулаа тоглолттой, бас аль аль нь моно жүжигт тоглоод ар гэр нэлээд орхигдсон. Одоо жүжгээ тоглоод дууссан учраас бушуухан харьж хүүхдүүдээ тэвэрмээр байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал, уран бүтээлд нь амжилт хүсье.