Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нобелийн шагналт Даниэл Канэман: Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү

Өглөөний сонин
2018 оны 5 сарын 11
MorninigNews.mn
Зураг зураг

"Хүний сэтгэхүйн учгийг туйлын оновчтой дэлгэн харуулсан, сэтгэл татам сонирхолтой судалгаа”

- Виллиам Ийстэрли, Файнаншл Таймс-

ДАНИЭЛ КАНЭМАН

Принстон дахь Вүдро Вилсоны Нийгэм, Олон улсын харилцааны сургуулийн сэтгэл судлал, нийгмийн ухааны профессор. Амос Твэрскийн ханш тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах үйл явцыг олон жил судалсан нэртэй сэтгэл судлаач эрдэмтэн.

Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн сэтгэл судлаач, алдартай эрдэмтэн Даниэл Канэман олон улсын бэстсэллэр болсон энэ бүтээлдээ хүний сэтгэхүй оюун бодлыг залж чиглүүлдэг хоёр системийн тухай дэлгэн өгүүлжээ. Чингэхдээ аливааг бодож тунгаалгүй, ухамсаргүйгээр буюу зөн совингоороо шийдвэр гаргах үйл явцыг нэгдүгээр систем, сайтар эргэцүүлж шийдэлд хүрэх үйл явцыг хоёрдугаар систем гэж нэрийдэв. Судлаач ахуй амьдралын алив нөхцөлөөр жишээлэн чухам хэдийд зөн совиндоо итгэж, хэдийд сайтар тунгааж бодох ёстойг тун ойлгомжтойгоор тайлбарлажээ. Гал сөнөөгч, шатарчин зэрэг хүмүүс тодорхой хугацаанд дадлагажин, мэргэжлийн ур чадвараа бүрнээ эзэмшиж өөрийн болгосон цагт зөн совиндоо итгэж болох аж.

 

Зөн совин ухамсаргүй өрнөх автомат шинжтэй үйлдэл бол тунгааж бодох нь тархийг ачаалдаг, тиймдээ ч аливаа нөхцөлийг эргэцүүлж шийдвэр гаргахдаа хүн залхуурч хойргоших талтай. Жишээ нь, бид юм авахдаа ихэнх тохиолдолд тухайн бараа чанартай юу гэж бодохоос илүүтэй үйлдвэрлэсэн брэнд нь бидэнд таалагддаг эсэхээр шийдвэр гаргадаг. Зөн совин буюу юмсыг ухамсаргүйгээр хүлээж авах үйл явц нүд ирмэхийн зуур болж өнгөрдөг тул бид барагтай бол анзаардаггүй. Гаргасан шийдвэрээ ултай суурьтай, нухацтай л гэж үздэг. Статистикийн тоо баримтыг ч үл харгалзан өөрийнхөө зүтгэдэг. Гэтэл ямар ч нөхцөлд тоо баримтыг анзаарч дүгнэлт хийх учиртай. Ингэхийн тулд анхаарлаа төвлөрүүлж, тодорхой хэмжээний зүтгэл гаргаснаар ухамсартайгаар тунгааж бодно.

Хүн ямар учраас адгаж шийд гаргадаг вэ? Ямар учраас өөртөө хэт итгэж, харсан бүхэндээ итгэснээр хуурамч төсөөлөлд хөтлөгддөг вэ? Яавал үүнээс зайлсхийх боломжтой вэ гэх нэн чухал асуултад Канэман олон жил уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд энэ номоороо хариулсан гэж хэлж болно. Иймээс сэтгэл судлаач тэрбээр тодорхойгүй нөхцөлд шийд гаргахын тухайт эл судалгаагаараа эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн юм.

Аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагаа ашигтай, үр өгөөжтэй байх нь тухайн газрын хүний нөөцтэй салшгүй холбоотой. Гэтэл хүний сэтгэхүй гэдэг тун барьцгүй эд. Зарим асуудалд адгаж, заримыг нь хойшлуулсаар байдаг. Үүний учрыг Канэман бодитой жишээгээр тайлбарлажээ. Сонирхолтой жишээ дурдахад захирал нь үргэлж дэргэдээс нь салахгүй хянаж байдаг компанийн ажилчдын бүтээмж ажилтнууддаа итгэл хүлээлгэж, тодорхой хэмжээнд бие даан үйл ажиллагаа явуулах боломж бололцоо олгосон байгууллагынхаас хамаагүй бага байдаг нь туршилтаар батлагджээ.

Үүнчлэн төр ба хувийн хэвшлийн ажил олгогч удирдах албан тушаалтан хэн нэгнийг ажилд сонгон шалгаруулж авахдаа юуг анхаарах учиртай, мэдээллийг яаж хүргэснээр эцсийн үр дүн, хүнд төрүүлэх сэтгэгдэл хэрхэн өөрчлөгддөгийг ч энд нарийн өгүүлэв.

Бид хүндхэн асуудалтай тулгарахдаа түүнийг өөрийн мэдэлгүй ижил төстэй боловч хавьгүй хөнгөн асуултаар орлуулж хариулаад алдаж энддэгийг үлгэрлэн харуулжээ.

Хүн ерөөс ижил дасал болсон зүйлдээ татагдан уягдаж байдаг. Танихгүй хүн, мэдэхгүй нөхцөл өчүүхэн төдий сэжмээр бидний мэдэх зүйлстэй холбогдож байвал (холын садан, бүдэг бадаг дуулж байсан нөхцөл г.м.) эндүү төсөөлөлд автаж, тохиолдлыг зүй тогтол гэж үзэх нь энүүхэнд. Үүнийгээ бид өөрсдөө ч анзаардаггүй.

Аливаад уягдаж, улмаар эндүү шийдэлд хүрэхийг Канэман бага тооны хууль гэгч-ээр тайлбарлажээ. Ухамсрын энэ зангаас хэрхэн зайлсхийхийг ч зааж өгсөн байна.

Уягдах нь хувийн амьдралд ч ихээхэн уршигтайгаар нөлөөлөх нь бий. Хүмүүс дургүй ажлаа шүд зуун хийж, нэгэнт таарч тохирохгүй нь тодорхой болсон ч насны эцэст ганцаараа үлдэхгүй юм шүү гэсэндээ гэр бүлээ хадгалж үлдэхээр байдгаараа зүтгэсээр сэтгэлийн шаналанд унадаг нь нэг талаар үргүй зардал гаргаж байгаагийн бодит жишээ юм. Үр дүнгүй судалгааны ажлууд ч үүнд хамаатай. Залуу судлаачид тэртээ тэргүй олигтой үр дүнгүй нь хараажийн тодорхой төслөөс эцсээ хүртэл зуурдаг тохиолдол бий. Гэхдээ судалгаанаас харахад азаар энэ үзэгдлээс зайлсхийх боломжтой аж.

Үүнээс гадна судлаач маань Дундаж түвшин рүү эргэж буух хэмээн нэрийдсэн зүй тогтлын тухай өгүүлжээ. Өмнөх улиралд шилдгээр шалгарсан тамирчин дараагийн улиралд базаахгүй үзүүлэлт гаргах, нэгэн цагт гялалзаж явсан хүн хэсэгтээ доройтох нь үнэндээ хараал жатга биш, дээр дурдсан дундаж түвшин рүү эргэж унах зүй тогтол юмсанж. Ажил олгогчид хэн нэгний амжилт бүтээлд авталгүй энэ үзэгдлийг харгалзаж үзэх л учиртай.

Ная, ер, тэр байтугай ерэн есөн хувийн магадлалтай нөхцөлд бид эргэлздэг атлаа мянга, саяын нэг хувьтай тэнцэх магадлалтай сугалаанд итгэж найддаг нь ямар учиртай вэ? Яагаад учир шалтгаан статистик тоо баримтыг давж гарна вэ? Бодит байдлыг үл ойшоож махруу зүтгэсэн хүмүүс эцсийн дүндээ ямар учраас үргүй зардалд хүрнэ вэ? Бид өнгөрснөө эргэн дурсдаг биедээ толгой мэдүүлдэг үү, эсвэл өнөөг мэдэрдэг бие сэтгэлдээ итгэдэг үү?

Бидний тархи ямар учраас ингэж ажилладгийг та энэ номоос уншиж мэдэх болно.

 

Орчуулагч Б.Гэрлээ

Зураг