Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны цөмийн гэрээнээс АНУ гарч байгааг Дональд Трамп зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн шөнө Ираны цөмийн гэрээнээс гарч байгаагаа зарлалаа.

Тэрээр 2015 онд байгуулагдсан уг гэрээг “сул дорой, ёс суртахууны хувьд ялзарсан” гэж тодорхойлоод Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж чадаагүй, Ойрх Дорнод даяар терроризмийг санхүүжүүлэх мөнгө олоход нь Тегеранд тус дэм болсон баримт бичиг гэж шүүмжилжээ.

Трамп “Тийм учраас би өнөөдөр Ираны цөмийн гэрээнээс АНУ гарч байгааг зарлаж байна. АНУ цаашдаа хоосон сүрдүүлэхгүй, бас намайг амласнаа биелүүлдэг хүн гэдгийг өнөөдрийн үйл явдал харуулж байна” гэсэн юм.

Ингэснээр АНУ-ын Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хориг дахин хэрэгжиж эхэлнэ. Мөн Ирантай харилцсан улс орнууд ч уг хоригт орно гэдгийг зарлалаа.

Хэрвээ Иран улс цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлбэл “өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй том асуудалтай тулгарна” гэдгийг Трамп анхааруулсан байна.

Тэр Ираны хүн ард, түүх, соёлыг хүндэтгэдэг, харин сүүлийн 40 орчим жил тус орныг захирч байгаа дарангуйлагч дэглэмийг буруутгаж байгаагаа мэдэгдсэн юм.

1979 онд Ираны хаант засаглалыг Исламын хувьсгалчид нурааж өнөөдрийн дэглэмийг тогтоосныг Трамп ийнхүү хэлсэн байна. Эцэст нь тэр хэрвээ Ираны удирдлага АНУ-тай шинэ гэрээ хэлэлцээр хийх хүсэлтэй бол хүлээж авахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

АНУ-ын Ираны эсрэг эдийн засгийн хориг ирэх 3-6 сарын дотор хэрэгжиж эхлэх гэнэ. Өнөөдрөөс 90 хоногийн дараа Иран улс ам.доллараар гүйлгээ хийх эрхгүй болно. Санхүү болон газрын тосны хориг 180 хоногийн дараанаас хэрэгжиж эхэлнэ. Энэ хооронд Ирантай бизнесийн гэрээ хэлцэл байгуулсан Америкийн компаниуд үйл ажиллагаагаа цэгцэлж, зогсоох ёстой болж байна.

Мөн Европын Холбооны улс орнуудын эхлүүлсэн бизнес харилцаа хүнд байдалд орж байна. Трампын мэдэгдлийн дараа гэрээнд оролцогч бусад талууд болох Британи, Франц, Герман, ОХУ, Хятад улсууд гэрээг хэвээр үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Ираны ерөнхийлөгч Рухани мөн үлдсэн талуудтай гэрээг үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.

Ирантай томоохон гэрээ байгуулсан Европын компаниуд уг хоригоос чөлөөлөгдөхийн тулд засгийн газруудтайгаа АНУ-ын засаг захиргааг лоббидох талаар ярилцаж эхэлжээ.

Эх сурвалж: Quartz, Ruptly