Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхжаргал: Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нутагшуулна

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Монголын инновацийн 7 хоног" нэгдсэн цуврал арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

"Монголын инновацийн 7 хоног" арга хэмжээ нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн бүхий л хүрээнд мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, түүний үр шимийг хүртэх, түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, биет бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор 2015 оноос хойш жил бүр зохион байгуулсаар иржээ.

Харин энэ жилийн хувьд уг арга хэмжээ "Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018" сэдвээр Дархан хотод тавдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болох гэж байна.

Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал "Манай сангаас 184 төсөлд 15 тэрбумын төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүний үр дүнд 43 гарааны компаниуд инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд идэвхтэй оролцож байна.

Шинжлэх ухаан технологийн төслийн үр дүнд бий болсон оюуны өмчийг үнэлэх эдийн засгийн эргэлтэд оруулах ажлууд хийгдээд явж байна. Одоогийн байдлаар 4 патент үнэлэгдсэн. Инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд онцгой анхаарч байна.

Гарааны компаниудын бүтээгдэхүүнүүд их сайн борлогдож байна. Тухайлбал манай улсын компанийн дөрвөн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд борлогдох боломжтой болсон. Японы зах зээлд Монгол эрдэмтдийн гаргасан инновацийн бүтээгдэхүүнийг нутагшуулах ажилд ороод байна.

Монгол эрдэмтдийн хийсэн бүтээлийг төрөөс дэмжих нь бага байна. Тухайлбал нийт 184 бүтээгдэхүүн байлаа гэж бодоход үүний 10 хүрэхгүй хувийг төрийн худалдан авалтаар дэмжигдсэн байна" гэлээ.

Инновацийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг хөндөнө

 
Гэрэл зургийг mpa.mn

БСШУСЯ-ШУТБГ-ын дарга Д.Одгэрэл "Инновацийн асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж байна. Өмнөх жилүүдэд инноваци гэж юу юм бэ, үүнд тулгуурлан эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх вэ зэрэг асуудлыг хөндсөн.

Харин энэ удаагийн үйл ажиллагааны зорилго нь инновацийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.

"Монголын инновацийн 7 хоног" арга хэмжээний хүрээнд аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн үндсэн асуудал, төр шинжлэх ухаан бизнесийн хамтын ажиллагаа, Монгол Улсад шинжлэх ухаан технологи, инновацийн талаар баримтлах бодлого, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх зэрэг чиглэлээр форум зохион байгуулагдана" гэлээ.