Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Чех улс Новичок химийн бодисыг бага хэмжээгээр үйлдвэрлэж байсныг ерөнхийлөгч нь мэдэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Чехийн ерөнхийлөгч Милош Земан

Өнгөрсөн гуравдугаар сард Британид тагнуулын экс ажилтан Скрипалийг охиных нь хамт хордуулахад ашигласан Новичок хэмээх химийн бодистой ижил төрлийн бодисыг өнгөрсөн онд бага хэмжээгээр үйлдвэрлэж, туршиж, дараа нь устгасан тухайгаа Чехийн ерөнхийлөгч өчигдөр мэдэгджээ.

Тэр өөрийн улсын тагнуулын байгууллагын мэдээлэл дээр үндэслэн энэ тухай зарласан байна.

Ерөнхийлөгч Милош Земаны хэлснээр тус улсын тагнуулын алба A320 гэгддэг үхлийн аюултай химийн бодисыг устгасан баримт олсон бөгөөд энэ нь Скрипалийн халдлагад ашигласан гэгдэж байгаа Новичоктой нэг төрлийнх гэсэн байна.

Их Британий засгийн газар дээрх халдлагыг Оросын тал үйлдсэн гэж буруутгаж байгаа. Новичокыг хуучин Зөвлөлт Холбоот Улсад зохион бүтээж байсан гэдэг.

Харин Оросын эрх баригчид үүнийг үгүйсгэж, Новичок нь АНУ, Чех зэрэг өөр улс орнуудаас гаралтай байх боломжтой гэж мэдэгдэж байв. Тухайн үед Чехийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Андрей Бабиш дээрх мэдээллийг няцааж, улмаар Барууны орнуудын Москвагийн эсрэг хамтарсан хоригт нэгдэж, Оросын гурван дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөж байжээ.

Гэвч Оросын талыг баримтлагч гэдгээрээ алдартай ерөнхийлөгч Земан Новичоктой ижил төрлийн химийн бодисыг өнгөрсөн онд тус улсад үйлдвэрлэж байсныг өчигдөр ийнхүү мэдэгдлээ. 

Земан “Манайд бага хэмжээний Новичокыг үйлдвэрлэж, хадгалж байсан нь мэдэгдлээ. Хэзээ, хаана хийснийг нь ч бид мэдсэн. Бид хоёр нүүр гаргах ёсгүй. Үнэнийг хэлэх ёстой” гэж Прагын Баррандов сувгаар ярьжээ.

Тэр цааш нь “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард A320 химийн бодисыг Батлан Хамгаалах яамны Брно хотын судалгааны хүрээлэнд туршсан байна. Хэмжээ нь бага байж. Туршилтын дараа бүгдийг устгасан байна” гэж хэлсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press