Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Солонгосын хойг дахь цэргийнхээ тоог бууруулах талаар судлахыг Пентагонд даалгажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагч нарын уулзалт болох цаг ойртож, бэлтгэл ажил эрчимжиж байна.

Тэгвэл энэ цаг үетэй давхцан Дональд Трамп Өмнөд Солонгос дахь цэргийнхээ тоог бууруулах санал бэлдэхийг Пентагонд даалгасан тухай Нью Йорк Таймс сонин өнөөдөр мэдээллээ.

Тус сонин Пентагоны нэрээ нууцалсан эх сурвалжаас энэ мэдээллийг олж авсан байна. Гэхдээ цэргээ цөөрүүлэх алхмыг удахгүй болох АНУ-Хойд Солонгосын уулзалтын үеэр ашиглах хөзөр болгох зорилгогүй гэдгийг эх сурвалж баталсан байна.

Хоёр Солонгосын хооронд энхийн гэрээ байгуулагдвал Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазын хэрэгцээ буурна гэж үзэж байгаа гэнэ. Үүнээс гадна уг баазын урсгал зардлыг Вашингтон цаашдаа дангаар хариуцахгүй, Сөүлийн эрх баригчидтай хуваалцах тухай хэлэлцэж байгаа нь үүнд нөлөөлж буй бололтой. Дональд Трамп дэлхий дахинд хэрэгжиж байгаа Америкийн зэвсэгт хүчний үйл ажиллагааны зардал хэт өндөр байгааг шүүмжилж, холбоотнуудтайгаа хуваалцах тухай байнга ярьдаг.

Одоогоор Өмнөд Солонгост АНУ-ын 23,500 цэрэг байдаг ба 1953 онд Солонгосын дайн түр завсарласнаас хойш байрлаж байгаа юм.

Саяхан Өмнөд Солонгосын засгийн газар энхийн гэрээ байгуулагдсан ч АНУ-ын цэргийг газар нутагтаа үлдээх сонирхолтойгоо мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: New York Times