Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жибутид АНУ-ын хоёр нисгэгч Хятадын лазерын зэвсэгт өртөж гэмтжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Зүүн Африкийн Жибути улс дахь АНУ-ын цэргийн баазад газардаж байсан хоёр нисгэгчийн нүдэнд зэвсгийн зориулалттай лазер туяа тусгаснаас гэмтэл авсан тухай Пентагон өчигдөр мэдээлжээ.

Үүнийг Хятадын талын зохион байгуулсан ажиллагаа гэж үзэж байгаа гэнэ. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш ийм хэрэг хэд хэд давтагдсан тул Пентагоны албаныхан Бээжинд дипломат шугамаар шаардлага хүргүүлж, шалгахыг шаардсан байна.

Жибути улсын олон улсын нисэх буудалд АНУ-ын Кэмп Лэмонниер цэргийн бааз байрладаг нь Африк тив дэх тус улсын цорын ганц байнгын бааз юм. Эндээс зүүн Африк, Иемен дэх терроризмийн эсрэг ажиллагаануудыг удирдан явуулдаг.

Тэгвэл Хятад улс саяхан Жибутид АНУ-ын баазаас холгүй анхны гадаад цэргийн баазаа нээсэн юм. Тиймээс Пентагоны тал лазерын зэвсэг ашигласан хэргийг Хятадын тал үйлдсэн гэдэгт итгэлтэй байгааг тус байгууллагын төлөөлөгч Дана Уайт өчигдөр мэдэгджээ.

Тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тул дипломат шугамаар эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр аргагүй болсныг тэр мөн хэлсэн байна.

Нисгэгч нарын гэрчилж байгаагаар лазерын туяаг Хятадын цэргийн баазын зүгээс тусгаж байсан гэнэ.

Уг хэргийн тухай яриа дэгдэхэд Хятадын зарим цэргийн мэргэжилтнүүд лазерын туяаг агаарын баазын ойролцоо шувуудыг үргээх, тагнуулын дронуудыг зогсооход ашигладаг гэж дотоодын хэвлэлд ярьж байжээ.

Тэд бас Хятад улс Нүд Сохлох Аюултай Лазерын Зэвсгийг хориглох гэрээнд нэгдэн орсон байдаг тул бусад улсын нисгэгчдийн эсрэг ашиглах ёсгүй гэж тайлбарласан байна.

Хоёр улсын бааз хэт ойрхон байдаг нь зарим зөрчлийг үүсгэж болзошгүй тул хоорондын асуудлыг зохицуулах харилцаа холбоо хэрэгтэйг тэд бас хэлжээ.

Кэмп Лэмонниер цэргийн баазад Америкийн 4,000 цэргийн алба хаагч байрладаг.

 

Эх сурвалж: AFP