Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Xiaomi хөрөнгө босгохоор Хонг Конгийн биржэд хандлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Xiaomi компанийн үүсгэн байгуулагч Лэй Жүн

Хятадын гар утас үйлдвэрлэгч компани Xiaomi өнөөдөр Хонг Конгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа зарж эхлэх зорилгоор (IPO) материалаа хүргүүлжээ.

Ухаалаг гар утасны дэлхийн дөрөв дэх том үйлдвэрлэгч болоод байгаа Xiaomi 2018 оны дэлхийн хамгийн том IPO-г хийж, $10 тэрбумыг босгох гэж байна.

2010 онд Хятадын бизнесмэн Лэй Жуны байгуулсан тус компанийн зах зээлийн үнэлгээ $100 тэрбум хүрээд байгаа юм. Энэ үнэлгээгээрээ Xiaomi нь Alibaba, Tencent хоёрын дараа Хятадын гурав дахь том технологийн компани болж байна.

Мөн IPO нь дэлхийн хэмжээнд 15 дахь, Хонг Конгийн хөрөнгийн биржийн хувьд дөрөв дэх томд тооцогдож байгаа юм. 

Xiaomi өнгөрсөн нэгдүгээр улиралд 27 сая гар утас борлуулсан нь дэлхийн зах зээлийн 7.5 хувийг эзлэхэд хүргэсэн байна. Түүний өмнө Samsung, Apple, Huawei гурав байгаа юм.

Xiaomi нийт орлогынхоо 70 хувийг ухаалаг гар утасны борлуулалтаас олдог. Бусад ухаалаг төхөөрөмжүүд, гэр ахуйн электроникууд 20 хувийг бүрдүүлдэг бол үлдсэн хувь нь интернэт үйлчилгээнээс ордог байна.

2017 онд тус компанийн орлого 114.6 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оноосоо 70 хувиар өссөн дүн юм. Харин гадаад зах зээлээс олсон 32.1 тэрбум юаний орлого нь өмнөх жилээс гурав дахин өссөн дүн юм байна. 

Хятадаар “шар будаа” гэсэн нэртэй уг компани IPO хийж босгосон хөрөнгийнхөө 30 хувийг хиймэл оюун, IOT (Internet of Things) технологид зарцуулахаар төлөвлөжээ.

Өөр 30 хувийг судалгаа шинжилгээнд зориулах бол үлдсэн 30 хувийг гадаад зах зээлийн тэлэлтэд зориулах гэнэ.

Харин үлдсэн 10 хувийг компанийн үндсэн үйл ажиллагаанд хөрөнгө болгон оруулах ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post