Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн тэргүүн баяны хувьд $88,000 нь энгийн хүний $1-той тэнцүү

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Онлайн худалдааны аварга Амазон компанийг үүсгэн байгуулагч Жэф Безос $130 орчим тэрбумын хөрөнгөөр манай гарагийн хамгийн баян хүн болоод байгаа.

Тэр 2017 оны турш өдөр бүр $107 саяыг олж байсныг мэргэжилтнүүд тооцоолжээ. Дундаж хүний $1 нь Безосын хувьд $88,000-тай тэнцүү болохыг бас тооцоолсон байна.

Өөрөөр хэлбэл энгийн хүн нэг ам.долларыг яаж үрдэгтэй адил мэдрэмж  88 мянган ам.доллар үрэхэд Безост төрдөг гэсэн үг.

Энэ их хөрөнгийг үрэх арга нь дараагийн бизнесүүдэд хөрөнгө оруулж, азаа үзэх явдал юм гэж Безос ярьсан байна. Тэр одоо жил бүр Амазоны хувьцаанаасаа зарж олсон $1 тэрбумыг сансрын аялал жуулчлалын Blue Origin компанидаа зарцуулж байгаа юм.

Мэдээж тэр ажлынхаа хажуугаар хувийн амьдралдаа ч хөрөнгө оруулж байгаа. Тэр одоо нийслэл Вашингтон дахь $23 саяын үнэтэй харшдаа $12 саяар засвар хийж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ нь Безосын хэмжүүрээр бол ердөө $136 гэсэн үг.

Дараах зураг дээр дэлхийн дундаж тэрбумтан буюу $2 тэрбумын хөрөнгөтэй хүнд энгийн хүмүүсийн гаргадаг зардал хэр өчүүхэн мөнгө болохыг тооцоолж харуулжээ.

Тухайлбал Лас Вегасын Беллажио дээд зэрэглэлийн зочид буудалд долоо хоноход энгийн хүн $3,360-ыг зарцуулах бол энэ нь дундаж тэрбумтанд $2.48 зарцуулж байгаатай адил болох юм. Гэтэл Безосын хувьд үүнээс 65 дахин бага мөнгө (3 цент орчим) зарцуулж байгаатай адил ажээ.

 

 

Эх сурвалж: Business Insider