Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Араб дөрвөн сарын дотор 48 хүнийг цаазалж шүүмжлүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Саудын Араб улс энэ он гарсаар дөрвөн сарын дотор 48 хүнийг цаазалсны тал нь хүчирхийллийн бус, хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдэгсэд байсныг Human Right Watch (HRW) хүний эрхийн байгууллага мэдээлжээ.

АНУ-д төвлөрдөг тус байгууллага хэт шударга бус хууль эрх зүйн системээ сайжруулахыг Саудын Арабын эрх баригчдад уриалсан байна.

HRW байгууллагын мэдэгдэлд дурдсанаар Саудын Араб 2014 оны эхнээс хойш нийт 600 орчим хүнийг цаазалсны гуравны нэгээс илүү нь хар тамхитай холбоотой хэрэг үйлдэгсэд байгаа гэнэ.

Зөвхөн 2017 онд тус улсад нийт 150 орчим хүнийг цаазалсан байна. Исламын хатуу хууль ёстой Саудын Арабт цаазын ялыг гүйцэтгэхдээ сэлмээр толгойг нь цавчих арга хэрэглэдэг юм.

Саудын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман саяхан Time сэтгүүлд ярихдаа тус улс хүн амины хэргээс бусад зарим хэрэгт оноодог цаазын ялаа насаар нь хорих болгон өөрчлөх боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрээр шашны хуучинсаг дэг ёстой улс орноо шинэчлэхээр ажиллаж байгаа удирдагчид тооцогддог.

 

Эх сурвалж: The Guardian