Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Германд жүүдийн эсрэг үзэлтэй дуунд олгосон шагналыг хураажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Германы Грэмми гэж болох нэр хүндтэй хөгжмийн шагналыг жүүдийн эсрэг агуулгатай үг бүхий дуунд олгосноо зохион байгуулагчид нь буцааж хураахаар болсон байна.

Муслим рэпперүүд болох Коллега, Фарид Бан нар Echo хөгжмийн шагнал гардуулах ёслолоос “hip hop/urban” төрлийн шагналыг “Jung, Brutal, Gutaussehend 3” бүтээлээрээ хүртсэн юм. 

Уг цомогийн дуунд нь Аусшвицийн хорих газрын нэр, Холокост гэсэн үгс дурдагддаг байна.

Тэдэнд шагнал гардуулсны дараа жүүдийн нийгэмлэгүүд эсэргүүцлээ илэрхийлж, уран бүтээлчид өмнө нь авсан шагналуудаа буцааж өгөхөө мэдэгдэж эхэлсэн юм.

Тухайлбал хөгжмийн нэрт удирдаач Дэниэл Баренбойм шагналаа буцааж өгөхөө зарласан бол рок дуучин Мариус Мюллер Уэстенхаген 1990-ээд оноос хойш авсан нийт долоон Echo шагналаасаа татгалзахаа мэдэгдсэн байна.

Echo наадмыг зохион байгуулагч BVMI (Холбооны Хөгжмийн Үйлдвэрлэлийн Ассоциаци) мэдэгдэлдээ тус арга хэмжээг “антисемитизмийн индэр болгох” хүсэлгүй гэдгээ мэдэгдэж, дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амласан юм.

Саяхан мөн Берлинд жүүдүүдийн өмсдөг уламжлалт тоорцогтой залуу руу Сирийн дүрвэгч халдаж байгаа бичлэг интернэтээр тарснаас Герман даяар  өргөн шүүмжлэл дэгдээд байгаа.

Коллега, Фарид Бан нар ч өөрсдийгөө улс төрийн агуулгатай дуу санаатай бүтээгээгүйгээ мэдэгдэж, антисемит үзлийн эсрэг хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийлжээ.

 

Эх сурвалж: The Guardian