Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс залуудаа хангалттай зугаацаж, цэнгэж чадаагүйдээ харамсдагаа ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Стив Балмер, Билл Гэйтс нар

Тэрбумтан Билл Гэйтс 1975 онд Харвардын их сургуулийг хаяж, Майкрософт компаниа байгуулах ажилд төвлөрч байсан юм.

Тэр өчигдөр буюу Пүрэв гарагт Харвардын оюутнуудтай уулзаж, тэдний асуусан асуултад хариулжээ.

Нэгэн оюутан түүнээс “Харвардад сурч байхдаа та юуг хийсэндээ, эсвэл юуг хийгээгүйдээ харамсдаг вэ?” гэж асуусан байна.

Тэгэхэд Гэйтс “Олон нийтийн арга хэмжээнд илүү их оролцдог байж гэж би одоо боддог” гэж хариулжээ. “Би үнэндээ олонтой хутгалдах дургүй, янз бүрийн үдэшлэг, спортын тэмцээн болдгийг ч мэддэггүй байсан. Нэг удаа Стив Балмер намайг дагуулж явснаар анх удаа ийм зүйлийг мэдэрч, ууж үзэж байв” гэж тэрээр дурссан байна.

“Энэ нь тухайн үед надад маш их боловсрол олгосон явдал байлаа” хэмээн Гэйтс ярьжээ.

Билл Гэйтсийг гүйцэтгэх захирлын ажлаа 2000 онд орхисны дараа 2014 он хүртэл Майкрософтын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Стив Балмер нь Гэйтстэй цуг Харвардад сурч байсан ба нийгмийн идэвхээр оюутнуудын дунд тэргүүлэгчдийн нэг байсан гэдэг.

Гэйтс “Би аль болох олон хүнтэй уулзаж, танилцаж чадаагүйдээ харамсдаг. Хичээлээ хийх нь миний гол ажил байлаа. Гэхдээ үүний үр дүн гарсныг та нар мэдэж байгаа” гэжээ.

 

Эх сурвалж: Business Insider