Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхэнд хамгийн олон хүүхдийн амийг золиослосон тахилгын ул мөрийг эрдэмтэд илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Үндэсний Газар зүйн Нийгэмлэгээс санхүүжүүлсэн олон улсын эрдэмтдийн баг Перу улсын хойд эргээс хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүүхдийн амь золиослосон тахилгын ул мөрийг илрүүлжээ.

Номхон далайн эрэг дагуу орших “Хуанчакуито-Лас Лламас” хэмээх газраас 550 жилийн өмнө шашны зан үйлийн дагуу алагдсан 140 хүүхдийн араг яс олдсон байна.

Тухайн үед энэ газрын ойролцоо Чиму эзэнт улсын нийслэл байсан гэдэг. Сүүлд тэднийг Инка улс эзлэн өөртөө нэгтгэжээ.

Олдсон араг яснуудыг шинжлэхэд хүүхдүүдийн цээжийг сурамгай задалж, зүрхийг нь сугалсан гэх дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна. Хүүхдүүд 5-14 настай байсан ба тэдэнтэй хамт 200 лам гөрөөсийг оршуулсан байжээ.

Шинэ олдворын гол онцлог нь золиослогдсон хүүхдүүдийн тоо гэж Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн археологич Кристин Роми ярьсан байна.

Үүнээс өмнө илэрсэн хамгийн олон хохирогчтой олдвор нь эртний Ацтекуудын нийслэл Теночтитланд 1481-1486 оны хооронд болсон тахилгын газар байсан ба тэндээс 42 хүүхдийн араг яс олдсон юм.

Ийм олон хүүхдийн зүрхээр бурхныг тахих болсон шалтгааныг эрдэмтэд тухайн газар нутагт их хэмжээний хур бууж, амьжиргааны гол эх үүсвэр газар тариаланг нь сүйтгэж байсан тул үерийг зогсоохын тулд үйлдсэн гэж дүгнэжээ.

Энэ бүс нутаг хуурай цаг ууртай тул гэнэтийн их хур тунадас гамшиг тарьж байсан гэж үзсэн байна. Тиймээс эртний Чиму улсын иргэд бүгдээрээ өлбөрч үхэхгүйн тулд хүүхдүүдээ золиослосон бололтой.

Жорж Мэсоны их сургуулийн антропологич Хааген Клаус “хүмүүс үхлийн ирмэгт тулахаараа өөрт байгаа хамгийн үнэтэй зүйлээ бурханд өргөдөг байсан” гэж тэдний үйлдлийг тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: Quartz