Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улс Этиопийн жүүдүүдийг нутагтаа шилжүүлж авна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Израйлийн хууль зүйн сайд Айлет Шакед зүүн Африкийн Этиоп улсад айлчлахдаа тэнд амьдардаг жүүд угсаатнуудыг өөрийн улсад шилжүүлэхэд туслахаа илэрхийлжээ.

Ням гарагт тэр нийслэл Аддис Абаба хот дахь иудейн шашны мөргөлийн сүмд зочилж үндэс угсаа нэгтнүүдтэйгээ уулзахдаа энэ тухай ярьсан байна.

“Та бүхнийг шилжүүлж авах ажлыг хамгийн богино хугацаанд хэрэгжүүлэхийн тулд би өөрийн эрх мэдлийн хүрээнд холбогдох талуудтай бүх талаар хамтран ажиллана” гэж Шакед сайд хэлжээ.

Африк тивд анх удаа айлчилж байгаа сайд Этиоп улсад амьдардаг 8,000 жүүдийн талаар илүү их мэдээлэлтэй болсноо бас ярьсан байна.

Этиопийн жүүдүүдийн зарим хэсэг нь 1975 онд Израйльд гарсан Эх нутагтаа буцаж ирэх хуулийн хүрээнд Израйльд цагаачилсан ч багагүй хэсэг нь үлдээд байгаа юм.

Өнөөдөр 140,000 Этиоп гаралтай жүүд Израйльд амьдарч байгаа ба тэдний ихэнх нь боловсролгүй тул ядуу тарчиг амьдарч байгаа гэнэ.

Хэдийгээр Этиопт тэд ёс уламжлалаа дагасан хэвээр байгаа ч Израйль улсын эрх баригчид тэднийг жүүд угсаатанд тооцдоггүй байсаар иржээ. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа жүүдүүдийг Израйльд ирүүлэх хөтөлбөрт бүрэн хамрагдаж чаддаггүй байсан юм. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд тэдний шилжилт хөдөлгөөнийг ихээр хязгаарлаж байснаас салж хагацсан гэр бүл, ах дүүс ч олон байдаг гэнэ.

Этиопийн Фалашмура хүмүүс гэгддэг энэ угсаатныг эртний Израйлийн тарж бутарсан 10 овгийнхны үр сад гэж үздэг ажээ.

 

Эх сурвалж: Associated Press