Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баяраа: Төмөр замчдын амжилт зарим хүмүүст үл таалагдаж байх шиг байна

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УБТЗ ХНН-ийн удирдлагын үйл ажиллагааны талаар төмөр замчид байр сууриа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын төмөр замын ҮЭХ-ны дарга Б.Баяраа "Өнөө үед айл гэрээс эхлүүлээд албан газар, улс орнууд хүртэл эвдрэлдэн тэмцэлдэхээс илүү эвлэлдэн нэгдэх, хэлэлцэн ойлголцох, хамтран түншлэлцэж ажил амьдралаа урагшлуулахыг хичээх болжээ.

Бид өнөөдөр хар мэдээллээс зайлсхийж, УБТЗ-ын үйл ажиллагааны талаар эерэг мэдээллүүдийг тараахыг хүссэн юм.

МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоо нь ажил олгогч буюу "УБТЗ" ХНН-тэйгээ 2018-2019 оны хамтын гэрээгээ амжилттай байгуулаад төрдөө бүртгүүлж батламжлуулснаар 2018 оны хоёрдугаар сарын 20-ноос дагаж мөрдөөд эхэлсэн.

Манай төмөр замчид 2017 онд 22.8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргаж, ачаа тээврийн хэмжээ 14 хувийн өсөлттэй гарлаа.

Он гарсаар ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 80 гаруй хувийн өсөлттэй байна.

Ерөнхий хорооныхоо дэмжлэгтэйгээр 2017 онд дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний үнийг бууруулж, манай нутгаар тээвэр хийх таатай нөхцөлийг үйлчлүүлэгчдэдээ бүрдүүлж өгсөн. Мөн өнгөрсөн онд "Транзит Монгол-2017" форумыг Бээжин хотноо анх удаа зохион байгуулж, Хятадын талын үйлчлүүлэгчдэд өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэхийн давуу талыг танилцуулж, эдийн засгийн үр ашгийг тайлбарласны үр дүнд манайхыг сонирхох үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн.

Үүнээс гадна бас ОХУ-ын төр засгийн байгууллагуудын дэмжлэг их тус дэм боллоо. Жишээ нь, энэ оны эхэнд болсон хэд хэдэн хэлэлцээрийн протоколд ОХУ-ын тал "Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлнэ" гэсэн амлалт өгснөө биелүүлсэн. Энэ оны дөрөвдүгээр сард Москва хотноо "Транзит Монгол-2018" форумыг зохион байгуулахаар тохиролцоод бэлтгэл ажил хийгдэж байна.

Энэ бүх ажлын үр дүнд чингэлгийн галт тэрэгний тоо 2016 онд 168 байсан бол 2017 онд 556 болж, 3.3 дахин өслөө.

Тээврийн хэмжээ өсөхөд УБТЗ-ын хамт олон санаачилгатай, үр бүтээлтэй ажилласан нь нөлөөлсөн гэж бид дүгнэж байна. Мөн манай төмөр замчид хөдөлгөөн зохион байгуулалтынхаа технологийг илүү саадгүй түргэн болгоход анхаарч ажиллаж байна.

Тээврийн хэмжээ өсөж орлого харьцангуй гайгүй байсан учраас ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх болон бусад чиглэлдээ зарцуулах санхүүгийн чадамж тодорхой хэмжээгээр өссөн. 2017 онд нийт ажиллагсдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмж, жилийн эцсийн үр дүнгийн шагналыг нь 200 хувиар өгөхөөр шийдвэрлэсэн. Мөн 441 гэрээт ажилтныг үндсэн орон тоонд шилжүүлж ажлын байрыг нь баталгаажууллаа.

Төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Зүүнхараа, Сүхбаатар, Олон-Овоот өртөөнд баригдаж байгаа орон сууцны барилга эхнээсээ ашиглалтад орж байна. Мөн хоёр шинэ зүтгүүр худалдан авч тээвэрт оруулсан ба вагон угсрах ажлыг зохион байгуулж, 1,000 вагон нэмж авсан зэрэг шат дараатай бодит ажлуудыг хийлээ. Үүний хүчинд ачаа тээврийн өндөр өсөлтийг дааж чадах боломж бүрдэж байна.

Төмөр замчдын энэ амжилт нь урд нь төмөр замд удирдах ажил, алба хашиж байсан, "УБТЗ" ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байсан зарим хүмүүст үл таалагдаж, нийтлэг төмөр замчдын мэргэжлийн эрх ашиг гэхээс илүүтэй хувь болон зарим нэг хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол байх шиг харагдаж байна.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн, гүжирдэж байгаа үйлдэл нь төмөр замчдын дарга удирдлагадаа итгэх итгэлийг алдагдуулах, тэднийг талцан хагаралдуулах, сахилга зохион байгуулалтыг сулруулах, үйл ажиллагаанд нь сөрөг нөлөө үзүүлэх ноцтой үр дагавартай юм.

Энэ нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх хор уршиг тарих магадлалтай. Тийм учраас бид өнөөдөр нийт төмөр замчдынхаа эрх ашгийн төлөө энэ мэдээллийг хийж байна" гэв.