Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппинд ДОХ-ын эмчлэгддэггүй шинэ вирус илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Эм тарианд тэсвэртэй ДОХ-ын шинэ төрлийн вирусыг Филиппинээс илрүүлснээ судлаачид мэдээлжээ.

Дэлхий нийтээр ДОХ-ын халдвар буурч байгаа бол Филиппинд сүүлийн 10 жилийн хугацаанд халдварын тоо огцом өссөн байна. 2010 оноос хойш тус улсад шинэ халдварын тоо жил бүр 140 хувь нэмэгдэж байгааг НҮБ-ын тоо баримтад мэдээлжээ.

Ингэж эрчимтэй тархах болсон шалтгаан нь ДОХ-ын шинэ AE төрлийн вирус бий болсонтой холбоотой гэнэ. Уг шинэ төрөл нь эм тарианы нөлөөг эсэргүүцэх чадвартай бөгөөд барууны орнуудад голлон илэрдэг B төрлийн вирусээс илүү түргэн тархдаг байна.

“Эд эсэд халдварлах бүртээ өөрийгөө хувирган өөрчилж шинэ вирус болж чаддаг нь батлагдаад байна” гэж Филиппиний Их сургуулийн Биотехнологи, Молекулын Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Эдсел Салвана Германы DW сувагт ярьжээ.

Тэрээр “ДОХ-ын бараг 100 орчим ялгаатай төрлийн вирус илрээд байгаа ба өдөрт нэг шинэ төрөл нэмэгдэж байна” хэмээн ярьсан байна.

2006 онд Филиппинд ДОХ-ын халдвартай 5,000 хүн амьдарч байсан бол 2016 онд 56,000 болон нэмэгджээ. Зөвхөн 2016 онд шинээр халдвар авсан 10,000 тохиолдол бүртгэгдсэн байна.

Доктор Салвана олон улсын эрдэмтдийг Филиппинд бий болсон шинэ төрлийн вируст анхаарлаа хандуулахыг уриалж, шинэ AE төрлийн вирусыг судлахгүйгээр ДОХ-той хийх тэмцэл үр дүнд хүрэхгүйг анхааруулжээ.

 

Эх сурвалж: Independent