Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Исландын дата төвүүдээс биткоин олборлогч 600 компьютер хулгайлагджээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Исландын түүхэнд хамгийн том хулгайн хэрэг гарсныг саяхан цагдаа нар мэдээлжээ. Тус улсын дата төвүүдэд биткоин зэрэг бусад крипто валют олборлох ажилд ашиглагдаж байсан 600 орчим тооны компьютерийг хулгайд алдсан байна.

Нийтдээ 11 хүнийг сэжигтнээр шалгаж байгаагаас хоёрыг нь баривчлан хорих шийдвэрийг Рэйкявик хотын шүүхээс Баасан гарагт гаргажээ. Өндөр хүчин чадалтай 600 компьютерийн үнэлгээ нь $2 сая орчим болж байгаа гэнэ.

Гэхдээ үүнээс илүүтэй эдгээр компьютерууд дээр хадгалагдаж байсан крипто валютын нөөцөөс их хэмжээний ашиг олох боломжтой юм.

Одоогоор компьютеруудын нэгийг нь ч олоогүй байгаа гэнэ. Хулгайн хэрэг нь хохирлын хувьд Исланд улсын түүхэнд тохиож байгаагүй том хэрэг гэдгийг цагдаагийн албаныхан мэдээлжээ.

Компьютерийн хулгай нэг дор үйлдэгдээгүй, цуврал байдлаар нарийн зохион байгуулалттай гүйцэтгэгдсэн байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард 3 удаа, дөрөв дэхь хулгай нь нэгдүгээр сард гарсан гэнэ.

Гэвч цагдаа нар компьютеруудыг олж чадна гэж итгэж байсан тул эхэн үедээ олон нийтэд мэдээлээгүй байна. Харин байдал илүү ноцтой болсон тул дөнгөж сая хэвлэлүүдэд ханджээ.

Эрчим хүчний үнэ тариф багатай Исланд улс сүүлийн үед биткоин олборлогчдын хувьд чухал нутаг дэвсгэр болоод байгаа. Тус улс ихэнх эрчим хүчээ усан цахилгаан станц болон газрын гүний дулаанаар шийддэг. 600,000 гаруйхан хүн амтай энэ улс эрчим хүчний үйлдвэрлэлийн ихээхэн илүүдэлтэй байдаг.

Одоо цагдаа нар тус арал улсын цахилгааны хэрэглээний өсөлтийг хянах замаар алдагдсан компьютеруудыг хайж байгаа гэнэ. Гэмт этгээдүүд хаа нэгтээ хулгайлсан компьютеруудаа ажиллуулж эхэлбэл цахилгааны хэрэглээ нь огцом нэмэгдэх юм.

Мөн тус улсын дата төвүүд, эрчим хүчний компаниудад хандаж аль нэг хэрэглэгчээс онцгой содон хүсэлт ирвэл мэдээлэхийг хүсээд байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press