Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ДЦУБ: 2017 он хамгийн дулаан жил болсон

ikon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн цаг уурын байгууллагаас /ДЦУБ/ 2017 оны агаар мандал, уур амьсгалын цогц мэдээг танилцуулжээ.


Агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж нэмэгдсээр байгаагийн улмаас уур амьсгалын өөрчлөлт тасралтгүй үргэлжилсээр байгаагийн тод илрэл бол 2015, 2016, 2017 онууд нь түүхэндээ хамгийн дулаан жилүүд болж байгаа явдал юм.

2017 он дэлхийн жилийн дундаж температурыг нэмэгдүүлдэг El Niño үзэгдэл болоогүй хамгийн дулаан жил болсон хэдий ч 2016 он дэлхийн хамгийн дулаан жилд тооцогдсон хэвээр байна.

ДЦУБ-аас гаргасан олон улсын тэргүүлэх таван мэдээллийн сангийн нэгтгэсэн дүн шинжилгээгээр 2017 онд дэлхийн гадаргын дундаж температур нь аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс ойролцоогоор 1.1 ° C -аар дулаарсаныг тогтоов.

2016 онд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтээс өмнөх үеээс 1.2°C дулаан байсан ба хамгийн халуун жилээр Дэлхийн цаг уурын байгуулагын тайланд тусгагдан үлдсэн бол 2015 болон 2017 онууд тус бүр аж үйлдвэржилтийн өмнөх үеээс 1.1°C-аар дулаан байжээ. Эдгээр жилүүдийн температурын зөрүү нь зууны нэг градусаас бага байна.

ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас "Тухайн жилийн температурын өөрчлөлтөөс илүүтэйгээр урт хугацааны температурын өөрчлөлтийг судлах нь илүү чухал ба энэхүү урт хугацааны температурын хандлагааас үзэхэд цаашид үргэлжлэн нэмэгдэх төлөвтөй байна.

Хамгийн дулаан 18 жилийн 17 нь энэ зуунд ажиглагдсан. Сүүлийн 3 жилд дундаж температур огцом нэмэгдсэн ба ялангуяа Арктикийн бүсийн дулааралт нь далай тэнгисийн усны түвшин түүнчлэн дэлхийн цаг агаарын төлөвт нөлөөлж байна” гэжээ.

2017 онд дэлхийн дундаж температур олон жилийн дунджаас (1981-2010) 0.46°C -аар дулаан байсан байна.

Үндэсний ус, цаг уурын албад температур, тунадас, салхи зэрэг уур амьсгалын хэмжигдэхүүнүүдийн олон жилийн дундаж болон өөрчлөлтийг үнэлэхдээ  суурь 30 жилийн дундаж утгуудыг тооцож ашигладаг. Эдгээр уур амьсгалын үзүүлэлтүүд нь усны менежмент, эрчим хүч, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг уур амьсгалын өөрчлөлтөнд мэдрэмтгий салбаруудад чухал ач холбогдолтой байдаг. 

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдсэний улмаас дэлхийн дулаарал явагдахын зэрэгцээ El Niño (дулааны нөлөө үзүүлдэг) болон La Niña (хүйтний нөлөө үзүүлдэг) зэрэг цаг агаарын үзэгдлүүдийн улмаас дэлхийн уур амьсгал хувьсан өөрчлөгдөж байдаг.

Хамгийн дулаан жил болох 2016 оны температурт тухайн жилд ажиглагдсан El Niño үзэгдэл нь хүчтэй нөлөөлсөн, харин эсрэгээрээ, 2017 оны эхэн ба төгсгөлд сулавтар La Niña ажиглагдсан.

 “Температур нь уур амьсгалын өөрчлөлтийн өчүүхэн хэсгийг илэрхийлдэг. 2017 оны дулааралт нь дэлхийн олон улс орнуудад цаг агаарын аюултай үзэгдлийг дагуулсан.

АНУ-ын хувьд урьд өмнө нь тохиолдож байгаагүйгээр цаг агаар, уур амьсгалын гамшигт үзэгдэлд  нэрвэгдсэн жил болсон ба бусад улс орнуудын хувьд ч мөн ялгаагүй байгалийн гамшигт үзэгдэл болох үер, ган гачиг тохиолдож улс орны хөгжлийг сааруулсан жил байлаа” гэж ноён Таалас цохон тэмдэглэлээ.

ДЦУБ-аас 2018 оны гуравдугаар сард дэлхийн уур амьсгалын төлөв байдлын тайланг гаргана. Энэхүү тайланд дэлхийн болон бүс нутгийн температурын өөрчлөлт, ирээдүйн хандлага, гамшигт үзэгдэл түүний хор уршигийн тухай нарийвчилсэн үнэлгээ, мөн уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны үзүүлэлтүүд болох нүүрстөрөгчийн давхар исэлийн агууламжийн хэмжээ, түүний өсөлт, Арктикийн болон Антарктикийн цас, мөсны хайлалт, далайн түвшний нэмэгдэлт, хүчиллэгжилт зэрэг цогц мэдээллийг тусгах аж.

ДЦУБ нь АНУ-ын Үндэсний Далай ба Агаар мандлын Удирдлага, NASA-гийн Годдард Сансар судлалын хүрээлэн, Нэгдсэн Вант улсын Цаг уурын албаны Хадлеи төв болон Нэгдсэн Вант улсын зүүн Анжлиагийн цаг уурын судалгааны нэгжээс авсан мэдээ мэдээллийг (ажиглалтын сайтуудын уур амьсгалын сарын мэдээнд үндэслэн) ашигладаг.

Мөн Дунд хугацааны урьдчилсан мэдээний Европын төв (ECMWF),  Коперникусын уур амьсгалын өөрчлөлтийн алба (Copernicus Climate Change Service) болон Японы Цаг уурын газрын (JMA) –аас гаргасан уур амьсгалын мэдээг (reanalysis data) ашигладаг байна.

Энэхүү агаар мандал, уур амьсгалын цогц мэдээг мянга мянган цаг уур болон далайн ажиглалт мөн түүнчлэн хиймэл дагуулын мэдээн дээр тулгуурлан тоон загвараар гаргажээ.  Дэлхийн аль ч бүс нутагт, тэр ч байтугай ажиглалтын цэг ховор туйлын бүс нутгийн температурыг ч тоон загваруудыг ашиглан тооцоолох боломжтой юм.

 

 

Эх сурвалж: ЦУОШГ