Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг АНУ дэмждэгт Назарбаев талархлаа илэрхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Цагаан ордонд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар уулзсан юм.

Хоёр удирдагч бүс нутгийн тогтвортой байдал, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан байна. Уулзалтын үеэр Назарбаев улс орных нь газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлдэг Вашингтонд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Мөн тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ эхний нэг жилийг амжилттай дуусгаад байгаа Дональд Трампад баяр хүргэсэн байна.

“Казахстан улс найрсаг, сайн улс төрийн харилцаанд нь үргэлж талархаж, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг маань дэмждэгт Америкчуудад баярлаж явдаг” хэмээн Назарбаев хэлжээ.

Тэр хэлсэн үгээ дэлгэрүүлээгүй байна. Гэхдээ Назарбаевын хэлсэн үг нь 2014 онд ОХУ Крымийг Украинаас салгасан цагаас хойш Орос-Казахстаны харилцаа амаргүй байгааг илэрхийлсэн байж болзошгүй.

Казахстаны хүн амын 20 орчим хувийг Орос үндэстнүүд эзэлдэг ба тэдний ихэнх нь Оростой хил залгаа хойд хэсэгт суудаг.

Уулзалтын үеэр Трамп Казахстаныг “хүчирхэг, тусгаар тогтносон, хараат бус” улс гэж магтан Америкийн “найз нөхөр, стратегийн түнш” гэж тодорхойлжээ.

Тэр бас Афганистанд илгээсэн зэвсэг техник, хүн хүчийг нь нутаг дэвсгэр дээгүүрээ дамжуулж дэмжсэнд нь Назарбаевт талархсан байна.

Назарбаев хариуд нь Барак Обамагийн үед бий болсон “C5+1” хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжихийг хүсжээ. Энэ хөтөлбөр нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн таван “стан” улстай харилцаагаа өргөжүүлэх АНУ-ын гадаад бодлого юм.

Назарбаев сүүлийн үед муудаад байгаа ОХУ, АНУ улсуудын дунд тэнцвэртэй бодлого баримтлахаа амлаж, Boeing нисэх онгоц нэмж авах, General Electric компанийн 900 шинэ хөдөлгүүрийг Казахстанд угсрахаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty