Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын БҮРТГЭЛ нэгдүгээр сарын 4-нөөс ЭХЭЛНЭ

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн цэргийн штабаас мэдээлэл өглөө.

Цэргийн бүртгэл Засаг захиргааны анхан шатны нэгж болох Хороодын засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд явагдана.

Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар "УИХ-аар цэргийн албан хаагчийн тухай хууль шинээр гарсан. Энэ хуулиар жил болгон цэргийн бүртгэл явуулж, иргэд цэргийн бүртгэлд бүрэн хамрагдах ёстой байдаг.

Цэргийн бүртгэлд 18-50 насны цэргийн үүрэг хүлээх залуучууд бүгд хамрагдана. Бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлдэг" хэмээн онцоллоо.

“Цэргийн албаны тухай” хуулинд цэргийн бүртгэлийн талаар дараах байдлаар зааж өгсөн байна.

34 дүгээр зүйл. Цэргийн бүртгэл

34.1.Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.

34.2.Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.

34.3.Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.

34.4.Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

34.5.Цэргийн бүртгэлд дараахь иргэн хамрагдахгүй:

34.5.1.энэ хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн;

34.5.2.цэргийн жинхэнэ алба хааж байгаа;

34.5.3.ял эдэлж байгаа.

34.6.Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн дараахь үүргийг хүлээнэ:

34.6.1.нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах;

34.6.2.цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах;

34.6.3.цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх;

34.6.4.өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэхээр заасан байдаг байна.

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалт Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгааны сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгж /1 нэгж 1000 төгрөг/-ээр торгох хуулийн заалттай юм байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн засаг даргын тамгын газрын Цэргийн штабын зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн бүртгэлдээ иргэнийхээ үүргийг ухамсарлан цаг хугацаандаа идэвхитэй оролцохыг хүсч байна гэлээ.