Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Болдсайхан: УБТЗ нийгэмлэг ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
 

1,000 машины зогсоолыг чөлөөлөх асуудлаар Улаанбаатар Төмөр Зам, Төмөр замын цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн /УБТЗ/ дотоод аудит, хяналтын албаны дарга О.Болдсайхан "Монгол, ОХУ-ын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эзэмшлийн галт тэрэгний төв буудал барих зориулалтын газрыг "Даяар хас" ХХК "Баян" компанитай түрээсийн гэрээ хийж хамтарч ажиллаж байгаа автомашин худалдаалах иргэдэд манай байгууллагаас хэд хоногийн өмнө уг газрыг чөлөөлөхийг хүсэж албан мэдэгдэл хүргүүлсэн. 

Гэтэл энэ албан мэдэгдэлтэй холбогдуулаад дээрх аж ахуйн нэгж, иргэдээс Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр ташаа мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа учир манай байгууллагын зүгээс үнэн, зөв мэдээллийг хүргэж байна.

Манай нийгэмлэг ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Бидний явуулж байгаа үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрт нийцэж байгаа" гэлээ.

Бид албадан хүч хэрэглэхээс илүү иргэдийг сайн дураараа газраа чөлөөлөхийг хүсэж байна

 

УБТЗ-ын хуульч н.Баярсайхан "Мянган машины зогсоолд худалдаа эрхэлдэг хүмүүс өчигдөр хэвлэлээр ташаа мэдээлэл цацаж, иргэдийн тайван байдлыг алдагдуулсан. УБТЗ нийгэмлэг нь 2006 оноос эхлэн "Даяар хас" компанид түрээсийн гэрээгээр талбай ашиглуулж байсан. 2013 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн захирамж гарснаас хойш хоёр жилийн хугацаанд нийслэлээс автотээврийн үйлчилгээ эрхлэгч захуудыг нүүлгэх ажиллагааг тус компани хэрэгжүүлээгүй. 2015 онд түрээсийн гэрээг цуцлан талбайг чөлөөлөх мэдэгдэл өгснөөс хойш нийт дөрвөн удаагийн шүүх хурал болсон. 

Түрээслэгч иргэдийн хийсэн өчигдрийн мэдэгдлээр Улсын Дээд Шүүхийн шаардлагыг биелүүл гэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхээр албадан чөлөөлүүлэх тухай шийдвэр гарсан байгаа. Энэ шийдвэрийг 2017 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 2,111 тоот дугаартай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр "Даяар хас" компани хууль бус эзэмшлээс тухайн газрыг чөлөөлсүгэй гэж гарсан. 

Мөн 2017 оны аравдугаар сарын 18-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 2,227 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж баталсан. Тэгэхээр Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байна. Үүнтэй холбогдуулан УБТЗ-аас талбайг чөлөөлөх шаардлагыг тавьж байна. 

Бидний хувьд албадан хүч хэрэглэхээс илүү тухайн иргэдийг автомашины зогсоолоос өөрийн эд хөрөнгөө сайн дураараа авахыг л хүсэж, хүлээцтэй хандаж байна" гэлээ.