Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

35 жилийн дараа Саудын Арабт кинотеатрыг зөвшөөрлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын эрх баригчид өчигдөр буюу Даваа гарагт тус улсад кинотеатруудын үйл ажиллагааг зөвшөөрч байгаагаа зарлалаа.

Угсаа залгамжлах залуу ханхүүгийн хэт хуучинсаг улс орондоо хийж буй шинэчлэлүүдийн нэг энэ болж байна.

Тус улсын Мэдээлэл, Соёлын яамны мэдэгдэлд “Хаант улсад 2018 оны эхнээс арилжааны зориулалттай кинотеатруудын үйл ажиллагааг зөвшөөрч байгаа нь 35 орчим жилийн дараах анхны тохиолдол болж байна” гэжээ.

Газрын тосноос хараат эдийн засагтай Саудын Араб цаашдаа энтертайнмент салбарыг хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх бодлого барьж байгаагийн нэг жишээ энэ болж байна.

Гэхдээ бусад олон нийтийн газруудын нэгэн адил шинээр нээгдэх кинотеатруудын суудал нь хүйсээр ангилсан байх төлөвтэй байгаа ажээ. 1980-аад оны үед шашны хэт үзэлтнүүд кинотеатруудыг соёл, шашны дайсан гэж үзээд хаалгаж байсан юм.

Одоо хүртэл Саудын Арабын шашны зүтгэлтнүүд киног ёс суртахууныг доройтуулах хэрэгсэл гэж үздэг. Гэхдээ энэ удаа шинэчлэлийн талынхан дийлсэн бололтой.

Ирэх оны дундаас эхлэн тус улсад эмэгтэй хүн автомашины жолоо барихыг зөвшөөрдөг болох гэж байгаа. Саяхан эмэгтэйчүүдийг анх удаа спортын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд нэвтрэхийг зөвшөөрөх болсон юм.

Энэ онд Саудын хаан ширээг залгамжлагчаар тодорсон ханхүү Мохаммед бин Салман хуучинсаг ёс заншлыг эвдэж, улс орондоо нээлттэй, орчин үеийн нийгмийг бий болгоно гэж амлаж байв.

 

Эх сурвалж: AFP