Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын шийдвэрийг эсэргүүцэж, олон зуун муслимууд Цагаан ордны гадна мөргөл үйлджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дональд Трамп Иерусалемыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа шилжүүлэх болсныг эсэргүүцэж, олон зуун муслимууд өчигдөр Цагаан ордны гадна мөргөл үйлджээ.

Мөргөлийг Америкийн Муслимуудын холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулсан байна. Тэдний дотор Палестины далбаа, зүүн Иерусалемыг Израйльчууд булаан эзэлсэн явдлыг эсэргүүцсэн агуулгатай зурагт хуудас барьсан хүмүүс байжээ.

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалем хотыг Израйлийн нийслэл болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Тель Авив хотоос шинэ нийслэлд шилжүүлэх шийдвэрээ зарласан юм.

Түүний шийдвэр олон арван жил мөрдөж ирсэн Америкийн болон олон улсын гадаад бодлогыг үндсээр нь эргүүлсэн явдал байлаа. Америк-Исламын Харилцааны зөвлөлийн тэргүүн Нихад Авад өчигдөр болсон мөргөлийн үеэр “Палестин, Иерусалемын газар шорооноос Трамп атгыг ч эзэмшдэггүй хүн. Тэр зөвхөн Трамп цамхагаа л эзэмшдэг. Израйльд тэр үүнээс өөр зүйл өгч чадахгүй” гэж ярьжээ.

Тэр бас Трампыг Загалмайтны экстремист үзлийг АНУ-д дэвэргэж байна гэж шүүмжилсэн юм.

Трампын маргаантай шийдвэр дэлхийн муслим ертөнцийг доргиогоод байна.

Өчигдөр буюу Баасан гарагт Иордан голын баруун эрэг, Газын зурваст олон мянган Палестинчууд Израйлийн хүчнийхэнтэй мөргөлдөж, хоёр хүн алагдан, олон хүн бэртэж, гэмтсэн байна.

1967 онд Израйльчууд Палестины мэдлийн зүүн Иерусалемыг булаан эзэлснийг одоо болтол олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрдөггүй юм.

Израйльчууд Иерусалемыг бүхэлдээ өөрийн улсын нийслэл гэж үздэг бол Палестинчууд тус хотын зүүн хэсгийг ирээдүйн тусгаар улсынхаа нийслэл гэж үздэг.

 

Эх сурвалж: AFP