Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос АНУ-тай шууд хэлэлцээр хийх сонирхолтой байгааг Лавров дамжуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос цөмийн зэвсгийн асуудлаар АНУ-ын эрх баригчидтай шууд хэлэлцээр хийхэд бэлэн байгааг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсонтой өчигдөр Вена хотод уулзахдаа дамжуулжээ.

Тиллерсон үүнд шууд ямар нэг хариу хэлээгүй байна. Вашингтоны албан ёсны байр суурь бол Пёньяныг заавал цөмийн зэвсгээсээ татгалзах баталгаа өгсний дараа хэлэлцээрийн ширээний ард сууна гэж байгаа юм.

“Хамгийн түрүүнд Хойд Солонгос өөрийнхөө аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцэхийг хүсч байгаа. Бид үүнийг дэмжиж, хэлэлцээр хийхэд нь туслахад бэлэн байна. Манай Америкийн түншүүд энэ тухай сая сонслоо” хэмээн уулзалтын дараах хэвлэлийн хурал дээр Лавров ярьжээ.

Сүүлд Хойд Солонгосын тал алсын тусгалын баллистик пуужин туршсаны дараа талуудын дайсагнал улам ширүүссэн юм.

Есдүгээр сарын 3-нд тэд мөн устөрөгчийн бөмбөг туршсан нь Пёньяны туршсан хамгийн хүчтэй цөмийн зэвсэг байв.

Үүний хариуд АНУ-Өмнөд Солонгосын арми Солонгосын хойгт урьд өмнө болж байгаагүй том агаарын байлдааны сургуулилалт хийж байгаа. Солонгосын хойгт дайн эхлэхэд ойрхон болоод байгааг Хойд Солонгос, АНУ-ын талууд ээлж дараалан мэдэгдсээр байна.

 

Эх сурвалж: The Guardian