Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Yahoo-гийн бүх хэрэглэгчийн мэдээлэл хакеруудын гарт орсныг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

/Зураг дээр Yahoo компанийн гүйцэтгэх захирал асан Мэрисса Мэйер/

Өнгөрсөн онд илэрсэн Yahoo-гийн хэрэглэгчийн мэдээлэл хакеруудад алдагдсан хэрэг нь түүхийн хамгийн том кибер гэмт хэрэгт нэгэнт тооцогдож байв.

Тэгвэл энэ хэрэг бодож байснаас илүү өргөн хүрээг хамарсан нь ил боллоо. Yahoo компанийг худалдаж авсан Verizon компани өчигдөр буюу Мягмар гарагт зарлахдаа 2013 онд гарсан халдлагад Yahoo-гийн бүх 3 тэрбум хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан болохыг мэдээлжээ.

Үүнээс өмнө Yahoo өөрийн 1 тэрбум хэрэглэгчийн мэдээллийг хакеруудад алдагдсан гэж баталж байсан юм.

Verizon-ий мэдэгдэлд “Yahoo-г худалдаж авсны дараа өөртөө нэгтгэх явцад 2013 оны наймдугаар сард гарсан халдлагад Yahoo-гийн бүх хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан болохыг хөндлөнгийн мэргэжилтнүүдийн тусламжтай шинээр олж тогтоолоо” гэжээ.

Хакеруудад алдагдсан мэдээлэлд хэрэглэгчдийн утасны дугаар, төрсөн огноо, нууцлалын асуулт, хариултууд, кодлогдсон нууц үгс байсан юм. Yahoo энэ талаар тайлбарлахдаа нууц үг ил задгай хэлбэрээр, банкны картын, дансны  мэдээлэл алдагдаагүй тул аюул бага гэж байв. Гэвч нууц үгийг кодлосон арга техник нь хоцрогдсон тул хялбар тайлж унших боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider