Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Каталанаас гаралтай Жерар Пикег Испаний фэнүүд шигшээ багаасаа хөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Мадрид хотноо Испаний шигшээ багийн бүрэлдэхүүнд нээлттэй бэлтгэл хийж байсан Каталанаас гаралтай төвийн хамгаалагч Жерар Пикег испани хөгжөөн дэмжигчид хөөж, доромжилсон хэрэг гарчээ.

Дөнгөж урд өдөр нь Каталанчууд тусгаар тогтнолын төлөө саналаа өгөөд байсан ба Пике мөн саналаа өгч, засгийн газрын хүчирхийллийг шүүмжилж байсан юм. Каталан гаралтай Пикег ер нь Испаничууд элдвээр гоочилдог байсан ч энэ удаа тэдний дарамт илүү хатуу байлаа.

Испаничууд шүгэлдэж, элдвээр хашхирч, талбайг орхихыг шаардсан уриа бүхий самбар барьсан байв. Испаний шигшээ баг өчигдөр ирэх ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын хоёр тоглолтонд бэлдэж байсан юм.

Цагдаа нар энэ үеэр ирж, зарим самбарыг хураан авсан байна. 30 настай Пике хэрвээ менежэр нь эсвэл Испаний хөлбөмбөгийн холбоо хүсвэл шигшээг орхиход бэлэн байгаагаа өмнө нь зарлаад байв.

Ирэх онд ОХУ-д болох ДАШТ-ий дараа тэр олон улсын тэмцээнүүдээс зодог тайлна гэсэн юм. Пике нийтдээ 91 цом хүртэж, 2010 оны ДАШТ, 2012 оны Европын АШТ-ий аварга болж байсан.

ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтад G группт орсон Испаний баг хэсгээ тэргүүлж байгаа. Тэд ирэх Баасан гарагт Албанитай нутаг дээрээ, үүнээс гурав хоногийн дараа Израйльтай нутагт нь тоглож, хэсгийнхээ тэргүүн байрыг хамгаалах юм.

Эх сурвалж: The Guardian